Монголын хувцас загварын хамгийн том наадам болох “Гоёл-2025”-ын шилдгүүдийг тодрууллаа. 37 дахь жилдээ зохион байгуулсан эл наадмын топ моделиор А.Хулан шалгарав. Тэрбээр Монголын дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгч бөгөөд 22 дахь жилдээ загварын тайзнаа алхаж буй гэнэ.
Тус наадмын шилдгийн шилдэг дизайнер цомын эзнээр “Урлахуй” брэндийг үүсгэн байгуулагч Ө.Мөнхцэцэг тодорлоо. Харин шилдэг залуу дизайнераар Н.Галдамаа шалгарсан юм. “Гоёл-2025” наадмын тайзнаа Монгол, БНХАУ, ОХУ-ын чадварлаг моделиуд алхаж, монгол дизайнеруудын бүтээлийг амилуулжээ. Энэ удаагийн “Гоёл” наадмыг “Save this beautiful environment around you” уриан дор зохион байгуулсан юм. Өнгөрсөн жилийн “Гоёл” наадмын топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир шалгарсан билээ.
“Гоёл” наадам энэ удаад тун даруухан, нам жим болсныг үзэгчид онцолж байлаа. Гала шоуны үзэгч ч тун цөөхөн байсан гэнэ. Үүнтэй холбоотойгоор хувцас загварын салбар, дээрх наадмын нэр хүнд улам муудсаар буйг онцлох нэгэн ч байсан. Тухайлбал, наадмын зохион байгуулалт муу байсан тухай иргэд цахим хуудсандаа “Гоёл наадам жилээс жилд уйтгар гунигтай, шинэ шинэлэг санаа юу ч үгүй болжээ. Оролцож буй уран бүтээлчид, моделиудын чанар чансаа муудсаар байна. Өнөө жилийн хувьд өндөр үнэтэй такснаас цаашгүй, үзэгчид бага байлаа. Энэ нь зохион байгуулагчидтай холбоотой” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
У.ЦЭЦЭГСҮРЭН