Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын халамжийн зардлын 72.3 хувь нь зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна” хэмээн саяхан мэдэгдсэн билээ. Үүний дотор хөдөлмөрийн насны иргэдэд цаашид хүнсний талон олгохгүй гэдгийг хэлсэн. Гэтэл хоёрхон хоногийн өмнө тэрбээр өнөөх хүнсний талоноо хорвоод хосгүй хөтөлбөр, олон улсад жишиг болчихлоо хэмээн яриад эхлэв. Учрыг тодруулбал, салбарын яам, Азийн хөгжлийн банкныхны хамтран зохион байгуулсан нийгмийн хамгааллын форумын үеэр манай хүнсний эрхийн бичиг ийн “од” болсон юм байх. Цаашлаад олон улсын сайн жишээ болж, Филиппин манай загварыг нутагшуулж, ядуу өрхүүддээ хүнсний тусламж үзүүлэхээр болсон гэнэ. Хөтөлбөрийг нь бусад орон хуулах хэмжээнд сайн байж болох ч хэрэгжилтийг нь харин ард түмэн хэзээнээсээ гоочилж ирснийг сайд Л.Энх-Амгалан тэдэнд сануулж, анхааруулах байж дээ.
Нийгмийн хамгааллын сайд нар халамжийн хөтөлбөрүүдээр үе үе ингэж “шоудаж”, хасна танана гэж олон нийтээс оноо авдаг л юм. Гэвч 2008 оноос хойш хүнсний эрхийн бичиг авагсдын тоо дорвитой буураагүй, ихэнх жилд нь өссөн аж. Салбарын яамны статистик мэдээллээс харахад 2021 онд хүнсний эрхийн бичигт хамрагдсан иргэдийн тоо 2 572 581 байв. 3.5 сая гаруйхан хүн амтай манай улсын иргэдийнх нь 73.5 хувь нь зорилтот бүлэгт хамаардаг гэвэл түүн шиг худлаа үзүүлэлт байхгүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн гишүүн бүрд олгодог хүнс, тэжээлийн дэмжлэгийн төсвийг энэ хэмжээгээр үрэлгэн, үр ашиггүй зарцуулж ирсэн гэхэд хилсдэхгүй.
Зорилтот өрхийн гишүүн бүрд өдгөө хүнсний дэмжлэг болгон сард 10 000 төгрөгийг насанд хүрэгч, хүүхэд гэж ялгалгүй олгож буй аж. Жишээ нь, найман ам бүлтэй өрх сар бүр 80 000 төгрөгөөр архи, тамхи, нарийн ногоо, жимс зэрэг хориглосноос бусад бүтээгдэхүүн авдаг юм байна. Аминд тулсан үед энэ нь боломжийн дэмжлэг гэдгийг иргэд хэлдэг. Гэвч одоо болтол хороо, дүүргийн халамжийн ажилтнууд, тэдний ар гэрийнхэн, “боломж”-ийн амьдралтай танил тал нь хүртэл хүнсний эрхийн бичгийн төсвөөс хумсалсан хэвээр буй бололтой. Ингэж хардах болсон үндэслэл ч байна.
2022 оны судалгаагаар 1 808 994 иргэн хүнсний эрхийн бичигт хамрагдаж, төсвөөс 21.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Өмнө нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн иргэдэд “Хүнсний эрхийн бичиг” нэртэй алтлаг цаас тарааж, холбогдох албаныхны сонгосон дэлгүүрүүдээс нь бүтээгдэхүүн авхуулдаг байсныг болиулж, нэрийг нь хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ болгон өөрчилсөн аж. Тодруулбал, иргэдийн халамжийн данс руу нь хүүхдийн мөнгө шиг өрхийн гишүүдийн тоогоор шилжүүлдэг. Тухайн данс бүхий карт нь тусгай цэнхэр өнгөтэй тул иргэд зөвхөн хүнсний бүтээгдэхүүн л авч болохоор зохицуулжээ. Харин өнгөрсөн онд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо буурсан байв. Нийт 1 445 726 иргэнд хүнс аваарай хэмээгээд улсын төсвөөс 17.3 тэрбум төгрөг олгожээ.
Гэхдээ хүнс, тэжээлийн дэмжлэг авч буй иргэдийн сүүлийн гурван жилийн судалгааг харьцуулбал дундаж нас ид хөдөлмөр эрхлэх хүмүүс буюу 28-31-тэй байгаа юм. Үндэсний аудитын газрынхан хяналт, шалгалтаараа үүнийг зөрчил гэж үзжээ. Тодруулбал, тус байгууллагын Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын 2022 оны тайланд “Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу зорилтот иргэдэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах төсвийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам, Орлогыг орлуулан тооцох аргачлалд үндэслэн олгодог. Хүнсний эрхийн бичигт хамрагдсан нийт иргэний дундаж нас 30, хамгийн өндөр нь 106 байна. Тэдний 47.7 хувь нь хөдөлмөрийн насныхан. Иймд Орлогыг орлуулан тооцох аргачлалыг холбогдох журамд заасны дагуу шинэчлэн батлах хэрэгтэй. Мөн өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох аргачлалыг жил болгон шинэчлэх шаардлага гарч буй. Засгийн газрын 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.9-д “Орлого багатай өрхийн ажил эрхлэхгүй байгаа насанд хүрсэн гишүүдийг мэргэшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ” гэж тусгасан байдаг. Энэ зорилтын дагуу хүнсний эрхийн бичиг авч буй хөдөлмөрийн насны иргэдийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар улсын төсвийг сар бүр хэмнэх боломжтой. Тодруулбал, төрөөс хүнс, тэжээлийн дэмжлэг авах иргэдийг оновчтой, зөв сонгох шаардлагатай байна” гэж зөвлөжээ.
Хүнс, тэжээлийн дэмжлэг авч буй иргэдийн насны бүтэц, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадавх зэргийг харвал уг халамжаас хасах шаардлагатай бүхэл бүтэн нийгмийн бүлэг бий болжээ. Тодруулбал, 2023 онд хүнсний эрхийн бичиг авсан 1 445 726 иргэний 113 мянган нь хөгжлийн бэрхшээлтэй, 66 мянга нь 55-аас дээш насныхан байна. Мөн 18 хүртэлх насны хүүхдүүдийн тоог хасвал ид хөдөлмөрийн насны, эрүүл чийрэг 543 706 хүн хүнсний талон авчээ. Хагас сая гаруй хүн төсвөөс ичих ч үгүй тэжээлгэсээр буй гэсэн үг. Тэд ажил хийх бүрэн боломжтой хэрнээ хөдөлмөрөөс ийн хойш суусаар, бусдын хөлсөө дуслууж олсон татварын мөнгөнөөс шимэгчилж амьдарсаар байгаа юм.
Ирэх оны төсөв ид яригдаж байх энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зардал хамгийн их буюу 4.6 их наяд төгрөг болж нэмэгдсэнийг олон нийт “Ирэх жилд ч халамжийн үйлчилгээнд хамаг төсвөө зарцуулах нь” гэж унтууцаж буй. Тэгвэл сайд Л.Энх-Амгалан ирэх дөрвөн жилд салбартаа хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө ч танилцуулсаар байна. Тэрбээр “Халамжийн зардал дангаараа жилд 2.2 их наяд төгрөг байгаа. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгө, одонтой ээж, насны хишиг гэх мэт нийгмийн хамгааллын бодлогуудыг Халамжийн тухай хуулиар зохицуулж ирсэн учраас иргэд халамж хавтгайрлаа гэж шүүмжлэх нь аргагүй. Тиймээс халамж, нийгмийн хамгааллын бодлогыг ялгаж зааглах тогтолцооны шинэчлэл хийнэ. Жишээ нь, энэ онд гэхэд л халамжийн зардлын ердөө 28.7 хувь нь зорилтот бүлэгтээ хүрсэн байна. Дэлхийн банкныхан ч манай улсын халамжийн бодлогыг зорилтот бүлэгтээ чиглэхгүй байна гэсэн. Үүний хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Халамжийг амьжиргааны доод түвшний, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд, эрсдэлт бүлгийн хүүхдүүд, орон гэргүйчүүд, гамшигт нэрвэгдсэн хүмүүст нэн тэргүүнд хүргэдэг болно” гэж мэдэгдээд буй.
Сүүлийн үед халамжийн давхардал буюу нэг өрх энэ төрлийн бүх тэтгэмжийг авах нь нэмэгдсэн юм байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт бүх төрлийн халамж авдаг 325, Сонгинохайрханд 155 өрх байгааг тогтоожээ. Эл давхардлыг арилгах, хүнсний эрхийн бичиг авч буй, хасагдсан иргэдийг ч цаашид олон нийтэд нээлттэй зарлаж байхаар болсныг албаныхан хэлсэн юм.