Монголчууд бид аливаа зүйлийн үзэмжид ихээхэн анхаарал хандуулдаг. Шинэ загварын гар утас гарахад хуучнаа хурдхан шиг л зарж, дараагийн загварыг нь авдаг. Азын гэх дугаар анддаггүй, аль түрүүлж авснаараа “зиндаархдаг” ард түмэн. Шинэ утас, автомашин авахдаа эд анги бүрийг нь нарийн шинжиж, бараг л “ясыг нь цайтал” шалгадаг. Гэвч энэ нь бодит байдалд зүгээр л хоосон амбиц гэмээр. Учир нь бид автомашин, утасны дугаарын тоонд анхаарал хандуулдаг шигээ амаар дамжин ходоодонд орж, эд, эс бүрд шингэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдал, стандартад төдийлөн санаа тавьдаггүй.
Хувь хүнээс гар утас худалдаж авахаас болгоомжилдог атлаа хэзээ, хэн, хэрхэн хийсэн нь тодорхойгүй, стандартын шаардлага хангаагүй газар зарж байгаа ороомог, пирожкийг юу ч бодолгүй аваад л идчихдэг хэнэггүй хүмүүс. Үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүний шошгыг унших нь битгий хэл, хадгалах хугацаа дууссан, эсэхийг шалгадаг нь цөөн. Уг нь бүтээгдэхүүний шошго бидний эрүүл мэндэд сайн, муугаар нөлөөлөх олон мэдээллийг агуулдаг онцлогтой. Ялангуяа хүнсний шошго хамгийн чухал нь. Гэтэл манай улсад “Амархан муудах хүнсний бүтээгдэхүүн авахдаа л хугацааг нь хардаг. Харахгүй авах нь ч бий. Ихэнх барааны шошго ойлгомжгүй. Тиймээс үйлдвэрлэсэн огноо болон хадгалах хугацааг нь харчхаад л авдаг” гэх хүн цөөнгүй аж.
“Гологдол” бүтээгдэхүүнээ хямдралаар зардаг
Худалдан авах бүтээгдэхүүнийхээ шошгыг уншихаасаа урьтаж зориулалтын орчин нөхцөлд хадгалж, худалдаж байгаа, эсэхийг нь харгалзах ёстой. Хүйтэн, сэрүүн, нарны тусгалаас хол нөхцөлд хадгалах бүтээгдэхүүнийг ТҮЦ-ийн лангуун дээр зарж байвал түүнээс татгалзах учиртай. Гэхдээ монголчууд хүнсний аюулгүй байдлын стандарт хангаагүй, уранхай ууттай, халцарсан шошготой бүтээгдэхүүнийг тоолгүй авах нь нийтлэг. Уг нь олон улсад хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд ихээхэн анхаардаг. Урагдаж, халцарсан зүйлсийг иргэд нь тэр бүр авдаггүй. Харин Монголд “И-март”, “Номин” зэрэг томоохон дэлгүүрүүд нь ч хүртэл стандартын шаардлага хангахгүй бараагаа хэдэн хувь хямдруулаад зарчихдаг. Тэгээд л хямдралд дуртай ард түмэн 50 төгрөгөөр бууруулсан байсан ч хамаагүй дугаарлаад зогсчихдог уламжлал бараг тогтжээ. Хүнсний аюулгүй байдалдаа огт анхаардаггүй хүмүүс гэдэг нь эндээс харагдана. Бүтээгдэхүүний уут урагдаагүй, эсэхийг, лаазалсан бол хонхойсон, төвийсөн, үгүйг шалгах нь зүйтэй. Мөн шилтэй бүтээгдэхүүн тунадастай, эсэхийг шалгаж, хаяг, шошгыг нь сайтар харсныхаа дараа худалдан авбал зохистой. Гэвч үүнийг иргэд тэр бүр биелүүлдэггүй нь харамсалтай. Хүнсний аюулгүй байдал нь тухайн улс орон оршин тогтнох үндэс болдог. Тиймдээ ч олон улсад уг асуудлыг эн тэргүүнд тавьж, тодорхой хуулиар зохицуулдаг аж.
Cтандарт бий ч хэрэгжүүлдэггүй
Уг нь манай улс Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуультай. Гэвч эл хуулийг тэр бүр хэрэгжүүлдэггүйг иргэд хэлсэн юм. Стандарт, хэмжил зүйн газрынхнаас Монголд савласан бүтээгдэхүүний хаяг, шошгод ямар шаардлага тавьдаг талаар тодруулахад “Хүнсний бүтээгдэхүүний шошгыг MNS:5547, MNS:5684 стандартаар зохицуулдаг. Үүнд зааснаар шошгод бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгчийн нэр, хэмжээ, тоо ширхгийг нарийвчлан тусгах ёстой. Мөн бүтээгдэхүүний цувралын дугаар, үйлдвэрлэсэн огноо, хадгалах нөхцөл, хугацаа, тэжээллэг чанар, орц, хэрэглэх заавар, хориглох заалт, гаж нөлөө зэргийг нэгбүрчлэн тусгана. Одоогоор хаяг, шошгыг тогтсон байршилд байрлуулах ёстой гэх шаардлага байхгүй” гэв.
Хүнсний чанар, аюулгүй байдлын тухай 650 гаруй стандарт байдгаас 10 орчим нь хаяг, шошготой холбоотой аж. Гэвч эдгээрийг төдийлөн хэрэгжүүлэхгүй байгаа нь иргэдийн эрүүл хүнсээр хангагдах эрхийг зөрчиж буйн нэг жишээ болох биз. Монголд ийм стандарт байдаг, эсэхийг мэдэхгүй хүн цөөнгүй. Үүгээр ч зогсохгүй энэ стандартыг мөрдөлгүйгээр чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагууд ч байна. Тухайлбал, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хог хаягдлаа багасгана гэх уриатай, олонд хэдийн танил болсон нэгэн байгууллагынхан цаасан уутан дээрээ орц найрлага, хадгалах хугацаагаа бичдэггүй. Бас элдэв тураах бүтээгдэхүүн сурталчилдаг хүмүүс орц найрлагыг нь дараад, өөрсдийн зохиосон хэрэглэх заавар, үр дүнг бичдэг болсон. Хэдийгээр хуультай ч үүнд анхаарал хандуулж, зохицуулдаг хүмүүс нь ажлаа хийдэггүйн улмаас энэ мэт бизнес “цэцэглэж”, иргэд хохирсоор л.
НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны мэргэжилтэн З.Цолмон “Хүнсний бүтэгдэхүүн худалдан авахдаа хамгийн түрүүнд сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах хэрэгтэй. Үүний дараа шошгыг нь уншиж байж тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах, эсэхээ шийднэ. Тухайлбал, шошгод хугацааны мэдээллийг заавал оруулах шаардлагатай. Хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ үйлдвэрлэсэн, хэр удаан хадгалах, эсвэл хугацаа нь хэзээ дуусах талаар дэлгэрэнгүй бичих хэрэгтэй. Түүнчлэн хүмүүс дуусах хугацааг үйлдвэрлэсэнтэй нь андуурах тохиолдол гардаг. Ялангуяа импортын хүнсийг ингэж андуурах нь түгээмэл. Мөн хэдэн хэмд, хэд хоног хадгалахыг нь ч мэдэх ёстой. Тухайлбал, зарим бүтээгдэхүүнийг заавал хөргүүрт, эсвэл халуунаар нь хадгалах шаардлагатай байдаг. Түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүн ч гэж бий. Тэдгээр нь хадгалах тусгай горим шаарддаг. Хэрэв хадгалах горим нь алдагдсан бол хугацаа нь дуусаагүй байсан ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Мөн тухайн бүтээгдэхүүнд орсон бүхий л орц найрлагын нэгийг нь ч орхигдуулалгүй шошгод бичих шаардлагатай. Зориулалтын орчинд хадгалаагүй бол шошгон дээр тэмдэглэсэн шимт бодисыг авах боломжгүй юм. Тун удахгүй шинэ жилийн баяр болно. Тэгэхээр хүүхэд багачуудад бэлэг өгөх нь эрс нэмэгддэг. Энэ үед шошгон дээрх мэдээлэлд үндэслэн сонголтоо хийх нь зөв. Түүнчлэн айл бүр баярын ширээндээ бялуу тавьдаг. Гэтэл зарим нь хэзээ, хэн, хэрхэн хийсэн нь мэдэгдэхгүй, шошго, таних тэмдэггүй, хувь хүний хийсэн бялууг сонгож байна. Энэ бол маш эрсдэлтэй үйлдэл. Хүнсний үйлдвэрт ажилладаг хүмүүсийг зургаан сард нэг удаа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулдаг шүү дээ. Тиймээс гарал үүсэл нь тодорхой, шошгын мэдээлэл нь дэлгэрэнгүй хүнсийг сонгох ёстой” гэсэн юм.
Хурдан хугацаанд шимэгддэг нүүрс усыг тогтмол хэрэглэвэл элэг өөхөлнө
Монгол шиг импортлогч улсын хувьд хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдал маш чухал. Сүүлийн үед хүн амын дунд хүнсний аюулгүй байдал алдагдаж, ходоодны болон бусад төрлийн хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Олон улсад хүнсний нэмэлтийг Е үсгээр тэмдэглэдэг. Тухайлбал, Е100-199 нь бүтээгдэхүүнийг өнгө оруулах буюу өнгийг сэргээж тодотгох, байгалийн өнгийг нь далдлах зорилгоор хүнсний нэмэлт хэрэглэснийг илэрхийлнэ. Е200-299 нь бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, төрөл бүрийн нян, бактери, мөөгөнцрөөс хамгаалах нэмэлт орцтой гэсэн үг. Харин Е300-399 нь тухайн бүтээгдэхүүнийг исэлдэж, гашлахаас хамгаалах нэмэлт орц. Е400-499 буюу тогтворжуулагч нь бүтээгдэхүүний хэлбэрийг хадгалахад тусална. Түүнчлэн бүтээгдэхүүний амт, үнэрийг сайжруулагч зорилгоор нэмэлт бодис ашигласан бол Е600-699 тэмдэглэгээ бичнэ. Харин Е900-999 болон Е1000-1521 нь хөөс бууруулагч, эсвэл бүтээгдэхүүнийг хөвсийлгөгч бодисууд нэмэлтээр хэрэглэснийг тодотгох агуулгатай. Эдгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг манай улсад ч түгээмэл хэрэглэдэг аж.
Ер нь Монголд стандартын шаардлага хангахгүй шошготой бүтээгдэхүүн маш их бий. Бараг л шаардлага хангадгаасаа хангадаггүй нь олон гэмээр. Хамгийн энгийн жишээ дурдахад, хүнсний дэлгүүрт ороод хиам авах гэхэд хадгалах хугацаа, үйлдвэрлэсэн огноог нь хайгаад олдоггүй. Түүнчлэн ундаа, чихэр, соус зэрэг өргөнөөр хэрэглэдэг бүтээгдэхүүний хадгалах хугацаа, үйлдвэрлэсэн огноо нь тодорхойгүй байх нь элбэг. Хэний ч олж харахааргүй газарт, албаар гэмээр жижигхэн, бүдэг биччихдэг. Бас зарим бүтээгдэхүүнийг доторх нь нэвт харагддаг уутанд хийж худалддаг. Ингэхдээ үйлдвэрлэсэн он сар, хадгалах хугацааг нь түүнийхээ дээр товойлгоод л орхидог. Гэвч түүнийг нь хараа муутай хүмүүс олж үздэггүй. Энэ мэт жишээ бидний амьдралд түгээмэл тохиолддог. Иргэд үүнийг тэр бүр мэдээлдэггүй, тоодоггүй. Гэтэл энэ нь үнэндээ хэрэглэгчдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд заналхийлж буй хэрэг аж. Үүнээс гадна импортын бараа, бүтээгдэхүүний гарал үүсэл, хадгалах хугацаа нь ч тодорхойгүй. Мөн харшил төрүүлэгч бодисын мэдээлэл буюу орц найрлагын жагсаалт нь байдаггүй. Уг нь импортын хүнсний бүтээгдэхүүний шошго тухайн улсын хэлээр бичигдсэн, бүх орц найрлага нь тодорхой байх ёстой гэх шаардлага тавьдаг юм байна. Ингэхдээ монгол, англи, орос хэлээр бичиж болно. Манайд худалдаж буй бүтээгдэхүүний олонх нь монгол хэлээрх орчуулгагүй, орц найрлага нь тодорхойгүй байдагтай маргах хүн үгүй биз. Уг нь иргэд монгол хэлээр бичээгүй бүтээгдэхүүнийг тухайн импортлогч байгууллагад хандаж, хуульд заасан гурван хэлийн аль нэгээр бичихийг шаардах эрхтэй. Мөн Монголд гений өөрчлөлттэй бүтээгдэхүүний шошгон дээр тусгай тэмдэглэгээ тавих шаардлагагүй байдаг аж. Харин олон улсад гений өөрчлөлттэй бүтээгдэхүүний шошгод заавал тэмдэглэгээтэй байх ёстой гэдэг шаардлага тавьдаг юм билээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эмч А.Хасаас гарал үүсэл нь тодорхойгүй хоол хүнсийг урт хугацаанд хэрэглэх нь биед ямар сөрөг үр дагавартай болохыг тодрууллаа. Тэрбээр “Бага насны хүүхдүүд сүүлийн үед шарж, амталсан дүпү зэрэг элдэв амттан идэх нь эрс нэмэгдсэн. Ийм бэлэн хүнс, хурдан шимэгддэг нүүрс усыг урт хугацаанд хэрэглэснээр бодисын солилцоо алдагдаж, инсулин дөжирдөг. Хэдийгээр инсулин ялгарч буй боловч задлах үүрэгтэй бодисоо задалж чадахгүйд хүрч, өөх болгон хуримтлуулдаг гэсэн үг. Тэгэхээр жин нэмнэ. Мөн элэг өөхөлж урт хугацаандаа хатуурах эрсдэлтэй. Үүнээс гадна нойр булчирхай үрэвсэнэ. Сүүлийн үед гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн ихээр импортлох нь нэмэгдсэнээс хүүхдүүд багаасаа суурь өвчтэй болох эрсдэл ч ихэссэн” гэсэн юм.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бага насны хүүхдүүдийн таргалалт 60 гаруй хувиар өсжээ. 2030 он гэхэд 5-19 насны таргалалттай хүүхдийн тоо 80 мянгад хүрнэ гэх статистик мэдээлэл бий. Тэгэхээр тэр хэрээр хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй аж.
Oрц найрлагыг нь буруу бичвэл торгодог
Япон Улсад хүнсний бүтээгдэхүүний шошгод тавих шаардлага нь маш хатуу бөгөөд олон улсын стандартаас ч өндөр түвшинд байдаг гэнэ. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний нэр, төрлийг тодорхой зааж өгсөн, бас орц найрлагыг нь хэрэглэгч хараад л шууд мэдэхүйц ойлгомжтой байхаар бичих ёстой. Мөн бүх орц, тухайн бараанд агуулсан түүхий эдийг тодорхой бичнэ. Тэр тусмаа харшил төрүүлэх зүйл агуулж буй, эсэхийг бичвэрээс гадна зургаар илэрхийлдэг юм байна. Жишээлбэл, сүү, самар, халуун ногоо зэргийг заавал зургаар тэмдэглэх ёстой. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний шошго дахь зургууд нь ч тодорхой стандарттай аж. Жимсний шүүсийг шахаж буй зургийг зөвхөн цэвэр жимсний шүүсэн дээр л ашиглах боломжтой. Хэрэв анимейшн шиг дүрсэлсэн байвал тухайн жимс таваас бага хувь орсон буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй гэсэн үг. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноо болон хадгалах хугацааг тодорхой зааж, аюулгүй хэрэглээг нь хангах зорилгоор хаягт байрлуулах шаардлагатай. Бас хадгалах болон тээвэрлэх заавар, температурын горим зэргийг орхих учиргүй. Бүтээгдэхүүний хэмжээ болон үйлдвэрлэгч түүний хаягийг шошгон дээр заавал бичнэ. Энэ нь хэрэглэгчид ямар нэгэн асуудал үүсэхэд үйлдвэрлэгчид хандан, шийдвэрлүүлэх боломж олгож буй хэрэг. Эдгээр шаардлага нь Японы хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах зорилготой бөгөөд үүнийг нь хуулиар зохицуулдаг аж. Тухайлбал, орц найрлагын мэдээллийг буруу бичвэл нэг сая иен буюу ойролцоогоор 22 сая 750 мянга орчим төгрөгөөр торгодог юм байна. Бас бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацааг тодорхой заагаагүй бол 500 иен буюу 11 сая орчим төгрөгөөр торгодог.
Үүнээс гадна сүүлийн үед Европын орнуудад хэрэглэгчдийг зөв сонголт хийхэд нь туслах зорилгоор хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг үнэлэх систем ашиглах болжээ. Үүний нэг жишээ нь, “Nutri-score” буюу “Nutri-label” систем юм. “Nutri-score” нь чихэр, тос, давс, уураг, хүнсний эслэг болон эрүүл мэндэд ашигтай бусад орцыг харгалзан үнэлдэг юм байна. Үүний үр дүнд хэрэглэгчид бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг хурдан, ойлгомжтой аргаар мэдэн, сайн болон муу хүнсийг ялган сонгох боломж бүрджээ. Тухайлбал, A буюу ногоон өнгөтэй тэмдэглэгээ нь эрүүл мэндэд ээлтэй, тэжээллэг, чанартай бүтээгдэхүүнийг илтгэнэ. B буюу цэнхэр өнгөтэйгөөр тэжээллэг чанар нь харьцангуй сайн боловч бага зэргийн сайжруулалт шаардлагатай бүтээгдэхүүнийг илэрхийлнэ. Харин C буюу шар өнгөөр тэжээллэг чанар дунд зэрэг, бас их хэмжээний чихэр, тос, давс агуулсан бүтээгдэхүүнийг тэмдэглэдэг юм байна. D буюу улаанаар эрүүл мэндэд муугаар нөлөөлөх их хэмжээний чихэр, тос, давс агуулдаг бүтээгдэхүүнийг илэрхийлдэг аж. E тэмдэглэгээгээр эрүүл мэндэд тустай орц бараг байхгүй, аль болох хэрэглэхгүй байвал зохистой бүтээгдэхүүнүүдийг илэрхийлнэ. Тэдгээрийг тод улаанаар тэмдэглэдэг юм байна.
У.ЦЭЦЭГСҮРЭН