Үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлгүй байгууллагад албаныхан химийн хортой бодис ашиглах зөвшөөрөл олгосон талаар “Бид Туул голынхон” төрийн бус байгууллагынхан өчигдөр мэдээлэв. Тэд “Торгон шир” компани нийслэлийн иргэд махаа авдаг Эмээлт захад химийн хортой бодисоор арьс, ширний үс зумлаж байгааг бид Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо болон нийслэлийн Байгаль орчны газарт өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлсэн. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван тухайн үед цагдаагийн байгууллагад хандах ёстой гэж байв. Үүний дараа бид Экологийн цагдаагийн албанд мэдэгдсэн юм. Тус албаныхан тухайн байгууллага нь химийн хортой бодис ашиглах зөвшөөрөлгүй гээд объектыг нь битүүмжлээд явсан. Гэвч эл үйлдвэр хэвийн үйл ажиллагаа явуулсаар л байлаа.
Эмээлт нь төв суурьшлын бүсээс гадна махны үйлдвэр олонтой газар. Гэтэл тэнд үйлдвэрлэл явуулах бус, арьс, шир цуглуулах зөвшөөрөлтэй газарт химийн хорт бодис ашигласаар байна. Энэ нь иргэдийн эрхэд халдаж буй үйлдэл. “Торгон шир” компанийнхан хорт бодистой бохир усаа Туул гол руу асгаж, байгаль орчныг ч бохирдуулсан. Тиймээс бид өнгөрсөн тавдугаар сард эсэргүүцлээ илэрхийлэн, БОАЖ (хуучнаар)-ын сайдыг огцруулахыг шаардаж байв. Дараа нь эл яамныхан ажлын хэсэг гарган шалгаж, хууль зөрчсөнийг нь тогтоон, үйл ажиллагааг нь зогсоосон гэж хэлсэн. Гэтэл нэг сарын дараа очиход дээрх компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлгүй газарт тус яамныхан химийн хорт бодис хэрэглэх зөвшөөрөл олгосон. Иймд “Торгон шир” компанийн зөвшөөрлийг нэн даруй цуцлахыг холбогдох албаныханд анхааруулж байна” гэсэн юм.
У.СҮРЭН