Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НҮБ-ын агентлагууд хамтран “Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг уржигдар зохион байгуулжээ. Иргэдээ өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх бодлого баримталж буйгаа Эрүүл мэндийн сайд хурлын эхэнд онцоллоо. Тухайлбал, нярай үе, сургуульд суурилсан, хавдрын, ажлын байран дахь зэрэг зорилтот бүлэг рүү чиглэсэн эрт илрүүлгийг зохион байгуулжээ. Өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хэрэгцээ, улирлын томуугийн дэгдэлт, зуд, агаарын бохирдол, нийгэм, эдийн засгийн үр дагаврууд зэрэг бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг олон улсын байгууллага, бусад салбарын төлөөлөлтэй хэлэлцсэн юм.
НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН), Дэлхийн банк, зэрэг байгууллагынхан аль чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ тодорхойлж, давхцал үүсгэхгүйгээр ажиллахаар тогтов. Орон нутгийн нөөц бололцоог дайчлах тал дээр анхаарах хэрэгтэйг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хэллээ. Түүнчлэн НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра эрүүл мэндийн энэхүү уулзалт нь салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулахад чухал үүрэгтэйг онцлоод хэн юу хийж чадах вэ гэдгээс гадна хэрэгцээгээ тооцож, богино болон дунд, урт хугацаанд хийх ажлуудад хамтарч ажиллах хэрэгтэйг дуулгав.
Ч.БОЛОР