Цэргийн төв эмнэлгийн харьяа Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ оны эхний 11 сарын байдлаар 1230 иргэн химийн цочмог хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 726 нь шаардлагатай тусламж, үйлчилгээ аваад буцсан бол 504 нь хэвтэн эмчлүүлжээ. Энэ сарын 10-16-нд буюу нэг долоо хоногт химийн цочмог хордлогод өртсөн 35 хүн дээрх байгууллагуудад хандсан байна. Тэдний 20 нь хүүхэд гэнэ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 48.5, сүүлийн таван жилийн дунджаас 76 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.
Түүнчлэн санаатай буюу амиа хорлох зорилгоор эм, химийн бодис ууж, хордлогод өртсөн 434 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 12-78 насны 256 хүн хэвтэн эмчлүүлсэн гэнэ. Харин санамсаргүй хордлогын 791 тохиолдол бүртгэгдсэний 80.5 хувийг бага насны хүүхэд эзэлж буй юм. Ил задгай тавьсан эм, бэлдмэл, химийн бодис уусны улмаас хүүхдүүд хордож байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байхыг Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийнхөн санууллаа.
Ч.ТУЯА