Дэлхийн шатрын аваргын төлөөх халз өрсөлдөөн аваргаа хамгаалагч БНХАУ-ын Дин Лижэнь, Энэтхэгийн их мастер, 18 настай Гукеш Доммаражийн хооронд эхэллээ. Уг “тулаан”-ыг Сингапур улсад зохион байгуулахаар өнгөрсөн долоодугаар сард Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) шийдвэрлэсэн юм. “Сингапур бол аялал жуулчлал, бизнесийн дэлхийд алдартай хотоос гадна амбиц, авьяастнууд бүхий шатрын спортын том төв болсон” гэж тус холбооны ерөнхийлөгч А.Дворкович мэдэгдэж байлаа.
Дин, Гукешийн өрсөлдөөн арал дээрх “Resorts world Sentosa” аялал жуулчлалын цогцолборт явагдаж байна. Тэмцээний шагналын сан 2.5 сая ам.доллар. Өрөг тус бүрийн хожлын урамшуулал нь 200 мянган ам.доллар. Харин тай-брэйк гарсан тохиолдолд ялагч 1.3 сая, ялагдагч 1.2 саяын шагнал авна. Дэлхийн аварга шатарчны төлөөх өрсөлдөөнийг “Google” компани ивээн тэтгэж байгаа юм.
Дин Лижэнийн уналт
БНХАУ-аас төрөн гарсан шатрын анхны дэлхийн аварга. 2017 оны наймдугаар сараас 2018 оны арваннэгдүгээр сарын хооронд дээд түвшний тэмцээнүүдэд 100 өрөг дараалан ялсан нь түүний хамгийн агуу амжилтын нэгт тооцогддог юм. Ийнхүү алдартан болсон нь түүнд сөргөөр нөлөөлжээ. 2023 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Я.Непомнящийг хожиж дэлхийн аварга болсныхоо дараа нэг жил гаруйн хугацаанд олны анхаарлаас холдсон. Хувийн амьдралын асуудал нь түүнийг депресст оруулж, олон тэмцээн өнжихөд хүргэжээ. Тийм ч учраас түүнийг Гукештэй тоглож чадах, эсэхэд нь олон хүн эргэлзэж байв. “Бие махбодын хувьд бус, сэтгэл зүйгээ сэргээхийн тулд би маш их хугацааг зарцуулсан. Харин одоо 2-3 сарын өмнөхтэй харьцуулахад байдал хамаагүй дээрдлээ. 2023 оны намар болсон Азийн наадмын дараа шатрыг орхих талаар бодож эхэлсэн. Хэдий оролцох эрхээ авсан ч уг наадамд оролцоогүй. Гэхдээ цаашид улам олон тэмцээнд түрүүлж, аваргалахыг хүсэж байна. Аварга цолоо ч хамгаална, тиймээс та бүхэн надад бүү санаа зовоорой” хэмээн тэрбээр энэ оны эхээр chess.com вэб сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Удаан хугацаанд шатраас холдсон нь түүний амжилтад сөргөөр нөлөөлсөн. Тэрбээр энэ онд “Tata Steel сhess” тэмцээнд есдүгээр, (Гукеш II), “Norway chess”-т сүүлчийн, “Sinquefield сup” тэмцээнд наймдугаар байр (Гукеш 5-р байр) эзэлжээ. Шатрын олимпиадад БНХАУ-ын баг дөрөвдүгээр байр эзэлсэн нь Дин найман өрөгтөө нэг ч ялж чадалгүй, багтаа ердөө 3.5 оноо нэмэрлэснээс шалтгаалав.
Харин дэлхийн аваргын төлөөх тулааны өмнөх ярилцлагадаа тэрбээр “Өнгөрсөн жил ч гэсэн би их стресстэж байсан. Харин одоо туршлагажиж, бүрэн хүчээрээ тоглоход бэлэн боллоо. Өнгөрсөн жилийнх шиг олон үзэгчийг татсан үзүүштэй өргүүдийг харуулна гэж найдаж байна. Өрсөлдөгч маань надаас олон дүү ч хашир, туршлагатай гэдгээ олонтоо харуулсан. Түүнийг ялахад амаргүй. Бид хоёул шилдэг тоглолтоо харуулахыг хичээнэ” гэж өгүүлсэн юм.
Гукеш Доммаражийн амжилт
Тэрбээр дэлхийн аваргын титмийн төлөө тоглох хамгийн залуу шатарчин юм. Диний өгүүлсэнчлэн тэрбээр нас залуу ч хашир бурхи мэт тоглодог. Гукеш 12 настайдаа их мастер болж, 17-тойдоо дэлхийн аварга цол горилогчдын тэмцээний хамгийн залуу ялагчаар тодорсон. Харин одоо дэлхийн шатрын хамгийн залуу аварга болох боломжийн өмнө ирээд байна. “Дин Лижэнь сүүлийн 10 жилийн турш дэлхийн шилдэг шатарчдын тоонд орж буй. Гэхдээ би зөв тоглож чадах юм бол надад түүнийг ялах боломж гарна” хэмээн тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.
Тэд шатрын хөлгийн ард гурвантаа тулсан агаад Дин хоёр хожиж, нэг тэнцсэн амжилтаар илүүрхэж байна. Үүнээс хоёр удаад нь Дин хараар нүүсэн агаад дэлхийн аваргын төлөөх өргийг тэрбээр сугалаа ёсоор чухам хараар нүүж эхлүүлэх юм.
Дэлхийн чансааны хувьд Гукеш тавдугаарт, харин Дин дөнгөж 23 дугаар байрт бичигдэж байна. Хятад шатарчин улсдаа ч чансаагаар нэгт орохгүй байгаа бөгөөд өмнө нь Вэй И бичигддэг.
Н.ЭНХ