Төсвийн бодлого буюу улсын орлого, зарлагыг зохицуулж, эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг ханган, иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам гол үүрэг гүйцэтгэдэг. Тус байгууллагынхан улсын нэгдсэн төсөв, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулах, нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжлийн таамаглал гаргахаас эхлээд холбогдох байгууллага, албан тушаалтанд эдгээрийг танилцуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, нэгдсэн тайлан гаргах, эдийн засаг, төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тодруулбал, төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах үйл явц хэр зэрэг “эрүүл”, ил тод, хууль ёсны дагуу байх вэ, цаашлаад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өөдлөн дэвжих үү, уруудан доройтох уу гэдэг нь энэ байгууллагаас ихээхэн хамаардаг гэсэн үг. Харамсалтай нь, Сангийн яамныхан эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төсвийн бодлогыг хийдэл, зөрчилгүй, хууль ёсны дагуу хэрэгжүүлэх үүргээ хангалттай биелүүлж чадахгүй, мануухай шиг ажилласаар өнөөдрийг хүрлээ.
Манай улсад гүйцэтгэлд суурилсан буюу үр дүн, хяналтад тулгуурласан төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлэх талаар яриад багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч үүнийгээ хэрэгжүүлэх чиглэлд гаргасан ахиц дэвшил, шийдвэртэй хийсэн алхам үгүй, бахь байдгаараа. Үр ашиггүй төсөл, хөтөлбөрт үлэмж хэмжээний хөрөнгө оруулсан, үрэлгэн, тооцоогүй байдлыг өөгшүүлсэн, зарлага нь орлогоосоо давсан, хэт “романтик” төсөөлөлтэй төсвийн төслүүдийг сүүлийн жилүүдэд батлах болсон нь үүний нотолгоо. Төсвийн төсөлтэй холбоотой элдэв шүүмжлэл, хэлэлцүүлэг нийгмийн сүлжээнд, олон нийтийн хүрээнд, судлаач, экспертүүдийн дунд жил болгон өрнөдөг ч төсвийн бодлогыг хэрэгжүүлэгчид эцсийн дүндээ бүгдийг өөрсдийнхөөрөө, дураараа шийдэж ирсэн. 2025 оны төсвийн төслийг ч ийм байдлаар хуумгай боловсруулж, “Тодотгол хийж, засаж сайжруулна” гэх үгээр халхавчлан яаруу сандруу баталсан нь өдгөө хоригт орж, дахин хэлэлцэхэд хүрээд буй. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээж авлаа. Ирэх оны төсвийн төсөл нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн, төсөв, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой төрөөс баримталж буй бодлого, зарчим, үзэл санаатай уялдаагүй, олон улсын болон дотоодын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг бүрэн зураглаж, тооцоолоогүй гэж үзсэн тул ийнхүү шийдвэрлэсэн. Ийм “чанаргүй”, шаардлага хангахгүй төсөв баталсанд мэдээж Сангийн яамныхан, тэр дундаа тус яамыг удирдаж буй Б.Жавхлан сайд шууд буруутай. Төсвийн төслийг өргөн мэдүүлэх, батлах үйл явцад УИХ, Засгийн газар гол үүрэг гүйцэтгэдэг боловч энэ бүхнийг шийдвэр гаргагчдын гарт, хэлэлцүүлгийн шатанд хүргэх түвшинд эмхэлж цэгцлэх, нэгтгэн боловсруулах ажлыг тус байгууллагынхан хариуцдаг.
УИХ-ын чуулганаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэхэд Сангийн сайд Б.Жавхлан ямар хаадгар байсныг уншигчид санаж буй болов уу. Үр ашиггүй төсөл, хөтөлбөрүүдэд татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй хуваарилсныг шүүмжилсэн, алдагдалгүй төсөв батлах шаардлагатайг сануулсан парламентын гишүүдтэй тэрбээр сөргөлдөж, өөрийгөө өмгөөлөн, хийсэн ажлаа муйхраар хамгаалж байв. “100 тэрбум төгрөгөөр 24 сумд Соёлын төв барих шаардлагагүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг хөдөөгийн амьдрал, жаргал, зовлонг мэддэггүй “хотын хүүхэд” гэж даапаалсан. 14 сумд мэдээллийн төв барих зардлыг төсөвт тусгасан нь цагаа олоогүй ажил хэмээн шүүмжилсэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад тэрбээр “Хаанаас ийм мэдээлэл аваад байгаа юм бэ” гэж цааргалангуй хариулж, бөөрөнхийлсөн. Энэ мэтчилэн Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн төсөлд шүүмжлэлтэй хандсан хэн бүхэнтэй сөргөөцөлдөж, дээрээс харьцаж байсан юм. Харин өдгөө тэрбээр дуулгавартай, чих зөөлөнтэй, алдаа дутагдлаа ухаарсан нэгэн болж хувираад байна.
Ерөнхийлөгч 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан Сангийн сайд мэдээлэл өгөхдөө “Ерөнхийлөгчийн хоригийг УИХ, Засгийн газар хүлээн авч, алдагдалгүй төсөв батлах ёстой. Засгийн газар хуралдаад, үүн дээр санал нэгдсэн. Тэвчих ёстой зардлуудаа танах шаардлагатай болж байна. Алдагдалгүй төсөв батлах тооцоолол хийхэд нэлээд үйл ажиллагааг танаж, цалин, тэтгэвэр, боловсролын салбарын хуулийн нэмэгдэл гэх мэт өсөж буй зардлуудаа эргэж харах нөхцөл үүслээ. Гадаад томилолтын зардал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ваучер зэргийг хассан ч хувь хэмжээ нь бага. Төсвийн нэг төгрөгийг ч үр ашигтай болгохын тулд салбар салбарын амбиц дагасан зардлуудыг танана. 1.2 их наяд төгрөгийг танаж байж алдагдалгүй төсөв батлах боломжтой” хэмээн ярьсан юм. Эндээс манай улсын санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлага, Засгийн газрын гишүүн ямар хариуцлагагүй, зарчимгүйг харж болно. Монгол Улсын төсөв, санхүүгийн бодлого ямар хэврэг, холбиромтгой, омтгой вэ гэдэг нь ч эндээс тодорхой харагдана. Тооцоо, судалгаа, хяналт, гүйцэтгэлд суурилсан, алдагдалгүй төсөв батлах боломж байсаар атал, хууль, журмын хүрээнд ч үүнийг зарчим болгон ажиллах үүрэг хүлээчхээд хожим нь ийм зүйл яриад, хэдхэн хоногийн өмнөх байр сууриасаа буцан, толгой бөхийж зогсоно гэдэг дэндүү хариуцлагагүй. Гутамшигтай гэж хэлэхэд ч болно. Уг нь Сангийн сайд батлуулсан төсөв, байр сууриа бөх гэгч нь хамгаалаад зогсож байх ёстой шүү дээ, яг энэ үед. Түүний хэлснээс харахад Сангийн яамныхан 2025 оны төсвийн төсөлд хийдэл доголдол, хойшлуулж, тэвчиж болох зардал, сайд нарын амбицаас үүдэлтэй “амьдралгүй” ажил цөөнгүй багтсаныг мэдэхийн дээдээр мэдэж байсан ч нүдээ аниад явуулчихжээ. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавиагүй бол сайд, дарга нар дураараа дургиж, хуугаар нь “идэж, уугаад” баллах байж. Манай улс сүүлийн жилүүдэд яагаад алдагдалтай төсөв баталж ирсэн, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд өссөн гэх ч иргэдийн аж амьдрал ямар учраас улам уруудан доройтсоор буй, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, зарцуулсан хөрөнгөний хэмжээгээр нийгэм, эдийн засагт үр өгөөж яагаад гардаггүй вэ гэдэгт энэ үйл явдал тов тодорхой хариулт өглөө. Монгол Улсын төсвийн бодлого “дархлаа”-гүй юм байна. Төсвийн зарцуулалтыг хянаж, бодлогыг нь удирдан чиглүүлэх ёстой гол байгууллага нь ажлаа хийж чаддаггүй аж.
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор төсвийн үр ашиггүй зарцуулалтын асуудлыг иргэд энэ өдрүүдэд чангаар, хөндөн ярьж эхэллээ. Энэ бүхний гол буруутан руу чиглэсэн шүүмжлэл газар авахтай зэрэгцээд “Хөгжиж буй, шийдвэрлэх, тулгамдсан олон асуудалтай оронд төсвийн зардал жилээс жилд өсөх нь хэвийн үзэгдэл”, “Төсвийн алдагдал гэдэг тийм ч муу зүйл биш, үүнээс айж жийрхэлгүй том төслүүдээ санхүүжүүлэх нь зүйтэй” гэсэн тархи угаалтын шинжтэй мэдээллүүдийг ч нийгмийн сүлжээнд зарим нь зохион байгуулалттайгаар түгээх болов. Алдагдалтай төсөв нь өрийн түвшин, инфляцын дарамтыг нэмэгдүүлэхээс эхлээд эдийн засгийг хямралд хөтлөх олон сөрөг нөлөөтэй. Ялангуяа урт хугацаанд, тогтмол алдагдалтай төсөв батлах нь эдийн засгийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэж үздэг. Тиймээс “алдагдалтай төсөв ашигтай” гэх мэт агуулгатай, илт мушгин гуйвуулж, төөрөгдүүлэх зорилготой мэдээлэл түгээж болохгүй. Сангийн яам хариуцлага алдсан нь үнэн, хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж чадахгүй байгаа нь ч маргаангүй. Хариуцлага тооцох цаг нь ч болсон.
Парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэх асуудлаар хуралдах үед УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Өнөөдрийг хүртэлх үнийн өсөлт, ажилгүйдэл, авлига, хээл хахууль зэрэг асуудал нь төсөв, санхүүгийн үүдэнд сууж байгаа Сангийн сайд Б.Жавхлантай шууд холбоотой. Хэчнээн Засгийн газар дамжиж, Сангийн сайдаар ажиллаж байгаа билээ дээ. 2025 оны төсвийн төслийг өргөн барихаас эхлээд л аудитор, эдийн засагчид шүүмжилж, байр сууриа хэлж байсан. Юуг ч хүлээж авдаггүй, хэнийг ч сонсдоггүй. Болж байна аа гээд л зүтгүүлээд байсан. Эцсийн дүндээ УИХ, Засгийн газар нь хориг тавиулаад, эвгүй байдалд ороод сууж байна. Монголын төр тоглоом биш. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд бие даагаад сайд нарт хариуцлага тооцох эрхтэй болсон. Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. Сангийн сайдын оруулж ирж байгаа төсөв, түүний үр дүнг бид олон жил харлаа” хэмээн ярьсан нь хамгийн оновчтой, байгаа оносон байр суурь байлаа. Сангийн сайд Б.Жавхланд хариуцлага тооцох цаг үнэхээр болсон.
Улсын орлого, зарлагыг төлөвлөсөн хэмжээнд хэрэгжүүлсэн байдлыг илэрхийлэх гол үзүүлэлт болдог төсвийн гүйцэтгэл өнөөдөр хэр түвшинд байгаа, өнгөрсөн жилүүдэд үүнийг ямар байдлаар үнэлж, хянаж ирсэн бэ гэдэг ганц үзүүлэлтийг авч үзэхэд л Сангийн яамыг толгойлж буй Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох хангалттай үндэслэл бүрдэнэ. Төсвийн тухай хуулиар бол Сангийн сайд төсвийн гүйцэтгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, харин Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагчийн гүйцэтгэлийг хянаж, нэгдсэн тайлан гаргах үүрэгтэй. Даанч тэд үүнийгээ ор нэрийн төдий, олон улсын стандарт, жишгээс гажууд байдлаар гүйцэтгэж ирснийг мэргэжлийн судлаач, эдийн засагчид хэлж буй. Үүнээс үүдэлтэйгээр амссан хохирол, алдагдсан боломжийн өртөг зэргийг тооцвол Сангийн яамныхан Монгол Улсын нийгэм, эдийн засагт үлэмж их хэмжээний хор уршиг учруулсан, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт унах нь гарцаагүй юм.
Н.Мишээл