- Энэ он гарснаас хойш 2214 иргэн угаартаж, 38 хүн нас баржээ -
Бидний өмнө ийм л сонголт байна. Өнөөгийн Улаанбаатар хотод амьдрах нь Өмнөд Солонгосын “Squid game” цувралд гардагтай л адилхан байгааг нэгэн хүн цахимд хуваалцсан нь үнэний ортой санагдана. Өглөө сэрэхэд агаарын бохирдол, хорт угаарын уршгаар хэдэн ч хүн амьсгал хураасан байж мэднэ. Гэхдээ “Squid game” бол зүгээр л кино. Уран сайхны сэтгэмжээр бүтсэн, бодит биш үйл явдлын тухай өгүүлдэг. Харин монголчууд бид кинонд гардгаас ч илүү хүнд хүчрийг туулж, амьд үлдэхийн төлөөх ширүүн тэмцэлд өдөр хоногийг өнгөрүүлж байна. Үр хүүхдээ дааруулахгүй, гэртээ дулаахан байхын тулд түлсэн түлшиндээ хордож, амиа алдана гэдэг соёлт нийгэмд байж болох уу.
Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш 2214 иргэн угаарын хийн хордлогод өртөж, 38 хүн нас баржээ. Тодруулбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн химийн хордлогын нөхцөл, байдлын мэдээнд дурдсанаар угаарын хийд хордсон 2214 хүний 1866 нь эмнэлгийн тусламж, үйлчигээ авсан бол 310 нь хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ нь өдөрт 6-7 хүн угаарын хийд хордож байна гэсэн үг. Эдгээр хүний 686 нь Хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд хандсан бол 644 нь ЭХЭМҮТ-өөс тусламж авчээ. Угаартсан иргэдийн 1016 нь эрэгтэй, 1198 нь эмэгтэй гэнэ. Тэдний 1009 нь 0-19 насны хүүхэд байжээ. Өнгөрсөн онд угаарын хийд 3184 хүн хордож, 57 иргэн нас барсан гэсэн статистик бий. Гэхдээ эдгээр нь зөвхөн эмнэлэгт хандаж, тусламж авсан хүний тоо. Хорт утаагаар “угжуулж” өссөн хүүхдүүдийн эрүүл мэндэд цаашид ямар хор уршиг учрахыг таах аргагүй юм.
Хүмүүс угаартаж нас барж байгаа нь өөрсдийнх нь буруу мэт үзэх хандлага нийгэмд бий. Эрх мэдэлтэн, албан тушаалтнууд, мэргэжилтнүүд ч ингэж тайлбарладаг, ойлгуулахыг хүсдэг. Иргэд аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байх үүрэгтэй. Мөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхтэй. Энэ эрхийг нь төр засаг хангах ёстой. Харамсалтай нь, манай төр засаг иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэзээ ч хангаж байгаагүй гэхэд хилсдэхгүй. Утааг бууруулах нэрээр маш олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч өнөөдөр нөхцөл байдал сайжирсангүй. Татвар төлөгчдийн мөнгөнөөс их наяд давсан төгрөгийг үргүй зарлагадлаа. Пийшин, зуух, нүүрстэй л зууралдсанаас өөрөөр яндангийн тоог бууруулж чадсангүй. Утааны асуудлаар хөндөөгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бичээгүй сэтгүүлч үлдээгүй болов уу. Гэвч дөжирсөн төр засаг улам л дүлийрэв. Олон зуун хүн угаартаж, эрүүл мэндээрээ хохирч, хүүхдүүд өнчирч, гэр бүлийнхэн нь уй гашууд автаж, хайртаа нэгнээ алдчихаад байхад төр засгийн зүгээс ямар ч арга хэмжээ авсангүй.
2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Түүхий нүүрс биш, шахмал түлш хэрэглэснээр хорт утаа их хэмжээгээр буурч, агаарын бохирдол эрс багасна гэж үзэж буйгаа сайд, дарга нар нь мэдээлж байв. Гэр хорооллын айл өрх агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг хэмээн “цоллоод”, асуудлыг шийдвэрлэсэн мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн нь саяхан. Гэвч шахмал түлш хэрэглэсэн таван жилийн хугацаанд агаарын бохирдол буурах нь бүү хэл, улам л ихсэв. Иргэд олноороо угаартаж нас барах болов. Ганцхан жишээ хэлье. Түүхий нүүрс түлж байсан 2017, 2018 онд угаарын хийд хордсон тохиолдол жилд 30 орчим л бүртгэгдэж байж. Гэтэл шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2019 онд гэхэд угаарын хийд 1664 хүн хорджээ. Үүнээс хойш жил бүр угаарын хийд хордсон хүний тоо 1000 хол давж, өнгөрсөн онд бүр 3000 гаруйд хүрч, “түүхэн амжилт” тогтоосныг НЭМҮТ болон ХӨСҮТ-ийн хамтарсан Талбарын тархвар судлалын тайлангаас харж болно. Өөрөөр хэлбэл, шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш угаарын хийн цочмог хордлого 50 дахин ихэсжээ. Сүүлийн долоон жилийн хугацаанд угаарын цочмог хордлогын тохиолдол 9009 бүртгэгдэж, 103 хүн амиа алдсаныг ХЭҮК-оос мэдээлсэн. Юу “шахсан” нь үл мэдэгдэх түлш ямар аюултай, хортойг олон хүн амиараа сануулаад буцлаа. Гэтэл утаа, угаарын хийн хордлогын талаар дуугардаг албан тушаалтан ч үгүй болж. Суудлаа алдахаас айсан эрх мэдэлтнүүд үнэнийг нууж, иргэдийг хоморголон устгаж буйгаа хэзээ зогсоох вэ.
Хүмүүс олноороо угаартсаар байхад Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ОБЕГ, нийслэлийн Онцгой байдлын газар зэрэг хамаарал бүхий байгууллагын сайд, дарга, албан тушаалтнууд ус балгасан мэт суусаар байх уу. Цахим хуудсаараа анхааруулга, сэрэмжлүүлэг нэртэй хэдэн мэдээ цацахаас өөр хийж буй ажил алга. Ядаж хороо, дүүргийн ажилтнуудыг эрсдэлтэй айл өрхөөр очуулж, мэдээлэл, зөвлөгөө өгүүлэхэд анхаараач. “Иргэд угаарын хийн мэдрэх төхөөрөмжөө салгах, яндангаа хөөлөхгүй, зуухны битүүмжийг шалгахгүй байх, галлагааг буруу хийснээс ихэвчлэн хордож байна” хэмээн НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшин нэгэн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрбээр “Хүмүүс ихэвчлэн унтаж байхдаа буюу 23.00-06.00 цагийн үед угаартаж байна. Сүүлийн жилүүдэд угаарын хийн хордлого 20-30 хувиар өссөн” гэжээ.
Энэ өвөл дахиад л шахмал түлш түлнэ. Гэртээ осгохгүйн тулд “хор” худалдан авахаас өөр сонголт иргэдэд байхгүй. Хорт утаагаар нь нийслэл даяараа амьсгална. Орой үдшийн цагаар гудамж талбайгаар алхахад нүд хорсож, хоолой аргасаар. Хүйтний улирал дөнгөж эхэлж байхад хүүхдүүд амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгалгаагаар өвдөж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрлээ. Энэ сарын 10-16 буюу долоо хоногийн дотор угаарын хийн хордлогод 109 хүн өртөж, эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 51 нь хүүхэд байж. Энэ тоо нь сүүлийн таван жилийн дунджаас 30.1 хувиар өссөн үзүүлэлт болохыг НЭМҮТ-ийнхөн хэлсэн юм. Угаарын хийд хордсон иргэдийн олонх нь Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт амьдарч байна.
Хэд хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг утаа, түлшний асуудлаар мэдээлэл сонссон. Энэ үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий технологич Д.Өлзийбат “Түлшинд хэрэглэж байгаа эрчим хүчний нүүрс буюу мидлинг нь маш их хэмжээний нүүрстөрөгчийн агууламжтай. Тэгэхээр энэ түлшийг түлэхэд их хэмжээний хүчилтөрөгчөөр дэмжин өгч, шатааж байж угаарын хийнээс сэргийлдэг. Түүхий нүүрстэй харьцуулахад 40-50 хувийн нүүрстөрөгчийн агууламжтай. Мидлинг нь 60-70 хувийн нүүрстөрөгчийн агууламжтай байдаг. Тиймээс хангалттай хэмжээний хүчилтөгрөгчөөр дэмжиж өгөхгүй бол угаартах эрсдэл нэмэгдэнэ. Угаарын хий нэмэгдэж байгаа нь үнэн” гэж ярьсан юм. Шахмал түлшнээс ялгарч буй карбон моноксид буюу нүүрстөрөгчийн дутуу исэл нь угаарын хийн хордлого үүсгэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, нүүрстөрөгчийн дутуу исэл нь цусны улаан эсэд агуулагдаж байгаа гемоглобинтой нэгдэж хүчилтөрөгчийг тээвэрлэх боломжгүй болгодог байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дөнгөж саяхнаас л “Тавантолгой түлш” ХХК-ийг хатуухан шүүмжилж, гэнэт ухаан орсон аятай аяглах болов. Тэрбээр “Шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг жилээс жилд багасгах бодлого барьж байгаа. Ойрын 4-5 жилийн хугацаанд эко түлш үйлдвэрлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулж байна. Жил бүр 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг компани байж болохгүй. Дээр нь утаа буурдаггүй, иргэд угаартаж таарахгүй. Тиймээс үндсэн үйлдвэрлэлийг нь өөрчлөх төслийн нэгж байгуулсан. Энэ ажлын эхний үе шат болгож, 15-20 орчим мянган айл өрхийн дэд бүтцийн угсралтын ажлыг ирэх оны арванхоёрдугаар сарын эхээр ашиглалтад оруулна” гэсэн юм. Хахир хүйтэнд хорт утаагаар амьсгалж, өвчний “үүр уурхай” болсон нийслэлчүүдийг дахиад л “туршилтын туулай” болгох нь. Тэр болтол хэчнээн хүнээр “тахил өргөх”-ийг таашгүй.