Монголын авто спортын ОУХМ, Гавьяат тамирчин Д.Болдбаатар аваргын нэрэмжит “GT hub” мастер кросс уралдаанд 74 тамирчин хурд сорив. Тэднээс “Батжин транс” ХХК, “VX motors racing” клубийн тамирчин, 36 дугаартай, спортын мастер Л.Ариунболд түрүүлж, аваргын цом гардлаа. Түүнтэй түрүү байрын төлөө өрсөлдсөн “Алтайн бугат” ХХК, “Аваргууд” клубийн Г.Бат-Эрдэнэ удаалж мөнгөн медалийн эзэн болжээ.
“Цайз” ХХК, Сэлэнгэ аймаг, “Повер” клубийн 18 дугаартай тамирчин Н.Одсүрэн хүрэл медаль хүртсэн юм. Энэ удаа орон нутгаас оролцсон залуу тамирчдаас “Monsped llc”, Төмөрт хүлэг” клубийн 107 дугаартай Ч.Батчулуун IV, Баянхонгор аймгийн Автомашин, мотоциклын холбоо, “Үлэмж автомотив” ХХК, “Тэргүүн богд” сервисийн тамирчин, 80 дугаартай О.Төмөрбаатар V байрт шалгарчээ. Ивээн тэтгэгчийн шагналыг “Галбын зам” ХХК, Өмнөговь аймаг, “Аваргууд” клубийн тамирчин, дөрөв дугаартай С.Гансүх хүртсэн байна.