Боловсролын сайдын тушаалаар энэ хичээлийн жилийн бүтцийг гурван улиралтай байхаар баталсан билээ. Тодруулбал, сурагчдын амралтын хугацааг 12, дөрөв, зургаадугаар сард товлосон. Тэгвэл нэгдүгээр улирлын амралтыг ирэх сарын 23-наас эхлүүлэх аж. Ерөнхий боловсролын сургуулийн 1-2 дугаар ангийн сурагчид дээрх хугацаанаас эхлэн амрах бөгөөд нийслэлийнхэн нэгдүгээр сарын 24, орон нутгийнхан 17-нд хичээлдээ орох гэнэ. Нийслэлийн сургуулийн 3-5 болон дунд ангийн сурагчид ирэх сарын 30-наас нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах бол орон нутгийн хүүхдүүд долоо хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 17-нд хичээллэх юм байна.
Ахлах ангийнхан нэгдүгээр сарын 6-24-нийг дуустал амрах нь. Харин орон нутгийн сургуулийн ахлах ангийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 17-нд дуусах гэнэ. Мөн нийслэлд бие даалтын долоо хоногийг ирэх гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-нийг дуустал үргэлжлүүлэх аж. Орон нутагт бие даалтын долоо хоногийг нийслэлийнхээс өмнө буюу гуравдугаар сарын 24-нд эхлүүлэх юм байна. Хоёрдугаар улирлын амралтыг орон нутгийн сургуулиудад гуравдугаар сарын 31, нийслэлд дөрөвдүгээр сарын 7-ноос эхлүүлж, 11-нд тус бүр дуусгах гэнэ. Харин ирэх зургаадугаар сарын 9-нд бага, 16-нд дунд, ахлах ангийнхны зуны амралтыг эхлүүлэх аж.
Ч.БОЛОР