-Үндсэн хууль бүхэлдээ Монголын ард түмэн, төр засгийн бодлогын тусгал юм-
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, орчин цагийн Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр өчигдөр тохиов. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүд Монгол Улсын Төрийн далбааг хүндэтгэн мандуулж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн Төрийн ордонд УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болсон юм. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн уг эхийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж залсан бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга тэргүүтэй төрийн дээд албан тушаалтнууд болон Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгч нар оролцлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чин зоригт, эх оронч өвөг дээдсийн баатарлаг тэмцлийн үр дүнд 1911 оны цагаагчин гахай жил Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн Монголын ард түмний чинхүү хүсэл эрмэлзэл, тэмүүлэл биеллээ олсон. Улмаар тусгаар тогтнолоо бэхжүүлэх, ардын хувьсгалын үндэс суурийг тавьсан түүхтэй юм. Энэхүү түүхэн үйл хэрэг бол ноёд язгууртан, лам хуварга, эгэл ард бүх нийтээрээ эх оронч үзлээр эвлэлдэн нэгдсэн, үндэсний эв нэгдлийн хүч байсан билээ. Тусгаар тогтнолын төлөөх мохошгүй тэмцэл 13 жилийн туршид зогсолтгүй үргэлжилсний үр дүнд 1921 оны долоодугаар сарын 11-нд ардын хувьсгал ялж, хожим 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монголын анхдугаар их хурал хуралдаж, Үндсэн хуулийг батлан, Бүгд Найрамдах засгийг дэлхий дахинд тунхаглан зарласан юм. Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуулийг боловсруулан батлах бодлогыг хэрэгжүүлж байсан бөгөөд 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн даалгавраар Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн түүхтэй. 1924 оны есдүгээр сард Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комиссыг байгуулан ажиллуулсан.
Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах үйл явцад тухайн үеийн Зөвлөлт Орос улс, Коминтерний нөлөө, түүний нөлөөлөгч нарын шахалт дарамт орсон нь хэдий үнэн ч анхдугаар Үндсэн хууль бүхэлдээ манай ард түмэн, төр засгийн бод логын тусгал болон батлагдсан хэмээн эрдэмтэн, судлаачид үзэж байна. Түүхэн баримтуудаас дүгнэн үзвэл анхдугаар Үндсэн хуулийг Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн төсөлд тулгуурлан Ерөнхий сайд Д.Бодоо, Ж.Цэвээн нарын саналыг харгалзан үзэж, хувьсгалын удирдагчдын манлайлал дор баталжээ. Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ нам, үзэл санаанд тулгуурлах, гоёчлох, гажуудуулах нь туйлын осолтойг ямагт санаж явах хэрэгтэй. XX зууны эхэн үеийн дэлхий дахины улс төр, геополитикийн нөхцөл байдал, ялангуяа манай хоёр хөршийн зүгээс Монгол Улсын тусгаар байдалд хандах хандлага ихээхэн ээдрээ төвөгтэй байсныг бид бүгд мэднэ. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны 16.10 цагт зургаан бүлэг 50 зүйл бүхий Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Ингэж бидний орчин цагийн ардчилсан улсын түүх эхэлсэн гэдгийг огт мартаж болохгүй” гэв. Мөн тэрбээр эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хангаж, сонгох, сонгодох эрхийг эдлүүлсэн нь Ази тивдээ анхдагч улс болсон гэдгийг эрдэмтэд тэмдэглэж буйг онцолсон билээ. УИХ-аас арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг баталсан бөгөөд өчигдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлснийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Ч.БОЛОР