Цахилгааны үнийг энэ сарын 15-наас эхлэн 30 хувиар нэмээд буй билээ. Мөн эх үүсвэрүүдийн хүчин чадлаас хамааран энэ өвөл цахилгаан хязгаарлаж болзошгүй талаар албаныхан анхааруулах болсон. Үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас оргил ачааллын буюу 17.00-22.00 цагийн хооронд цахилгаан хэмнэж хэвшихийг иргэдэд уриалав. Ингэснээр иргэд цахилгааны төлбөрөө хэмнэхээс гадна эрчим хүчний системийн найдвартай байдлыг хангах ач холбогдолтойг ч сануулсан байна. Иргэд энгийн аргаар цахилгаанаа хэрхэн хэмнэх талаарх мэдээллийг хүргэе.
Ашиглахгүй хэрнээ залгаж орхисон хэрэгслүүд өрхийн цахилгааны зарцуулалтын 7-25 хувийг эзэлдэг гэнэ. Тиймээс ашиглахгүй цахилгаан хэрэгслээ тогтмол салгаж хэвшихийг дээрх компанийнхан зөвлөсөн байна. Мөн ус буцалгагч, данхны дотор тал цэвэрхэн бол цахилгааны зарцуулалтыг 20 хувиар хэмнэх аж. Үүнээс гадна цахилгаан зуухны халаах хэсэг нь хоолны сав, данхны ёроолтой ижил хэмжээтэй байвал эрчим хүчний хэрэглээг 70 хувь хүртэл хэмнэх боломжтой гэнэ. Хоол хийх үедээ саваа тагласнаар эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгах нь. Тоос сорогчийн цуглуулагч уутыг тогтмол суллах нь цахилгаан хэмнэх оновчтой аргуудын нэг юм байна. Дүүрэн ууттай үед тоос сорогч цахилгаан илүү их зарцуулдаг аж.
М.ОЧ