Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-иас төрийн өмчит их сургуулийн оюутнуудад бакалаврын боловсрол олгох хоёр жилийн хөтөлбөрөө сурталчилж буй. Энэ хүрээнд өнгөрсөн пүрэв гарагт МУИС, баасанд АШУҮИС-ийн оюутнуудад “Хөтөлбөр сурталчлах өдөрлөг”-өө зохион байгуулсан юм.
ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр” нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой аж. Үүнд хамрагдах хоёр жилийн хугацаанд ДХИС-т суралцаж төгссөн залуус 100 хувь ажлын байртай болох боломжтой юм. ДХИС-ийнхны мэдээлснээр бусад энгийн сургууль төгссөн залуусаас 2019-2024 онд 154 хүн хөтөлбөрт хамрагдан төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер болж ажиллаж буй гэнэ. Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдагсад мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмших бөгөөд сонсогчоор суралцсан хоёр хугацааг төрийн албанд ажилласанд тооцох юм билээ.
Мөн сурч байх хугацаандаа цэрэг, цагдаагийн цолны цалин олгож, нийгмийн даатгал нь ч төлөгдөөд зогсохгүй, цэргийн албаа ч хаасанд тооцох аж. Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст энэ боломжийг ДХИС ийнхүү олгож байна. Тус сургуулийнхан хөтөлбөр сурталчлах өдөрлөгөө өнгөрсөн долоо хоногт анх ХААИС-иас эхлүүлсэн бөгөөд оюутнуудад үндэсний аюулгүй байдал, төрийн тусгай албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэдлэг, ур чадварын талаар мэдээлэл хүргэж, цэрэг, цагдаа, онцгой байдлын байгууллагад ашиглаж буй зэвсэг техник, тусгай хэрэгслээр гаргасан үзэсгэлэнгээ сургуулиудад толилууллаа.