Хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлд тусгай мэргэжлийн гурав, төрөлжсөн мэргэжлийн 13, түргэн тусламжийн нэг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг дөрөв, Эрүүл мэндийн төв 10, Амарж их газар гуравхан л байдаг. Тэгсэн хэрнээ энэ Хэдхэн эмнэлгийнхээ эмчилгээ, үйлчилгээ, орчин нөхцөлийг нь сайжруулчхаж чаддаггүй өрөвдмөөр улс юм даа, манайх. Заримынх нь барилга байшин эхнээсээ хөгц мөөгөнцөрт идэгдчихсэн, эрүүл ахуйн наад захын стандарт хангахаа больсон, сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулах ч боломжгүй, гаднах орчны тохижилт битгий хэл, хаяг нь ч үзэгд эхгүй орчинд улсын эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж байна. Энэ янзаараа эмнэлгүүд эргэн тойрныхоо барилга байгууламж, дэлгүүр хоршоо, үзвэр үйлчилгээний төвүүдэд шахагдсаар нэг л өдөр алга болчихсон байвал гайхах зүйлгүй аж.
Нийслэлийн иргэдийн өдөр тутамдаа үйлчлүүлдэг 30 гаруй эрүүл мэндийн байгууллагын гаднах орчин нөхцөл нийтлэг дутагдалтай. Анх төлөвлөж өгсөн газрынхаа талаас илүүг нь алдчихсан, орц, гарцаа дээрэмдүүлсэн, зарим нь хүүхдийн тоглох, хөгшдийн нарлах ч талбайгүй болжээ. Тухайлбал, Монголын үндэсний их сургуулийнхан ЭХЭМҮТ-ийн хашааг гэгээн цагаан өдрөөр буулгаж, газрыг нь дээрэмдэх гэж оролдож байв. Тэдний хоорондох газрын маргаан одоо ч бүрэн шийдэгдээгүй. Мөн Хавдар судлалын үндэсний төвийнхөн орц, гарцаа хувийнханд хаалгуулж, эмч, үйлчлүүлэгчид хэсэгтээ л хүнд байдалд орсон. Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн мөн л газраа хувийн хэвшилд алдаж, орчин нь доройтсон. Эргэн тойрон нь мэдрэл, зүрх судас, нуруу нугасны хувийн эмнэлэг, лабораториор “хахаж”, хаяг нь ч харагдахаасаа өнгөрсөн. Улсын нэгдүгээр төв эмнэлэг ч ялгаагүй, орц, гарцын асуудал нь хүндэрч. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн гаднах талбай баруун, зүүн, хойд, урдаасаа жижигссээр, эргэн тойронд нь мөн л хувийн эмнэлэг, оношилгооны төвүүд “үүрээ засав”.
Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмж муутайн зовлон, урвалж бодис, оношлуур ньбайнгатасардгийгашигланхувийнхан бизнесээ ийн эргэн тойронд нь цэцэглүүлсээр байхад үүнд хараа хяналт, мөрддөг стандарт гэж алга. Дээр дурдсанчлан нийслэлчүүдэд төрийн өмчийн 30 гаруйхан эрүүл мэндийн байгууллага арайхийн хүрч үйлчилж байхад хувийн клиник, ортой эмнэлгийн тоо 1086 байх жишээтэй. Үнэн төрх нь ийм атал улс, хувийн эмнэлгийн өрсөлдөөнийг бий болгож, эмчилгээ, үйлчилгээг ижил түвшинд хүргэнэ гээд сайд, дарга нар Эрүүл мэндийн даатгалын сангийн хамаг мөнгийг хувийнханд “цацаж” байна.
Дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд ч гаднах орчин, талбай гэж бараг байхгүй болж. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Хүүхдийн болон Ахмадын эмнэлгийнх нь хаалга үүд, орц, гарц нь автомашины замтайгаа нийлчихсэн. Үйлчлүүлэгчид машинтай очих ямар ч боломжгүй, зогсох газаргүй. Сонгинохайрханы “Цамбагарав” дахь Эрүүл мэндийн төв мөн л авто замынхаа хажууд, орц, гарцын асуудалтай. Чингэлтэйнх ч ижил зовлонтой, төв замынхаа дэргэд учраас үйлчлүүлэгчид бууж, суух, орж, гарахад хүндрэлтэй. Амаржих газруудын тухай энд яриад ч хэрэггүй. Орчин тойрон нь зүгээр л “гамшиг”, яг л хар зах шиг болчихсон.
Нийслэлийн II шатлалын эмнэлгүүдээс хамгийн “хөгшин” барилгатай нь, өргөтгөж, шинэчилж болдоггүй нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв юм байна. Эл дүүрэг нь 208 ам км нутаг дэвсгэртэй, 142 мянган хүн амтай. Гэвч XI хорооны нутаг, Зуун айлд байрлах эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх тасаггүй, жилд дунджаар 40 мянган ор ашиглах шаардлага үүсдэг гэнэ. Газраа дээрэмдүүлж, гаднах орчноо булаалгасан эмнэлгийн тод жишээ болсон уг төв нь сүүлийн үед барилгын материалын зах, дэлгүүрүүдийн ардаас бүр цухуйхааргүй “нуугдчихаж”. Барилгын худалдаа, үйлчилгээ эмнэлгийг хэрж, орчныг нь халхлан, олж очиход ч төвөгтэй болгосон гэсэн үг.
Улаанбаатар хотын эмнэлгийн тогтолцоо мэргэшсэн чиглэлүүдээр явцуу хүрээнд зохион байгуулагдсан нь зөвлөлт маягийн загвараас нь улбаатай гэдэг. III шатлалын эмнэлгүүдийн 70 хувь нь төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлдэг. Харин II шатлалынх нь эсрэгээрээ хязгаарлагдмал хүрээнд иргэдэд үйлчилдэг, орчин нөхцөл нь өөдөлдөггүйгээс төв эмнэлгүүдэд зохиомол ачаалал, хүлээгдэл үүсгэсээр буй юм. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгыг гэхэд л 1987 онд барьсан, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэггүй, орчин үеийн анагаахын тоног төхөөрөмжүүд ч суурилуулах боломжгүй болтлоо хоцрогдсоныг эмч нар нь хэлж байна. Уг нь Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу дүүргийн эмнэлгүүд төрөлжсөн мэргэжлийн долоогоос доошгүй эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх заалттай ч Сүхбаатар дүүргийнх орчин нөхцөлөөсөө болоод ийнхүү “хог дээр үсэрчээ”.
Манай улс шинжлэх ухаанд суурилсан эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэхдээ 1921-1940 оны үе буюу шинэ цагийн эрүүл мэндийн алба, 1941-1990 оных буюу социалист эрүүлийг хамгаалах замнал, 1991 оноос одоог хүртэл дэвшилтэт үеийг дамжин хөгжүүлж иржээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд тусламж, үйлчилгээний чанарт л анхаарснаас биш, гаднах орчин нөхцөлийг нь орхигдуулж, хүртээмж гэдэг зүйлийг бүр мартчихсаныг нийслэл дэх төрийн өмчийн эмнэлгүүд гэрчилж байна. Эмнэлэг гэдэг зөвхөн хүн үздэг, тариа хийдэг газар биш. Түүгээр үйлчлүүлж буй өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэн, цаашлаад эмч, мэргэжилтнүүдийн тав тух, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй орчин билээ. Үндсэн хуульд “Монгол улсын иргэн … эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” хэмээн тусгасан билээ. Үүнийг хангаж, мөрдүүлэхийн тулд эрүүл мэндийн салбарт 30 гаруй хууль, эрх зүйн акт үйлчилж байна. Стандартын тоо нь гэхэд л дангаараа 980 гаруй бий. Даанч эдгээрийн заримыг нь огтхон ч мөрдүүлдэггүй, хэрэгжүүлдэггүй, хянадаггүйн жишээ бол эмнэлгийн орчны стандартууд юм.
II шатлалын эмнэлгүүд нь Эмнэлгийн барилгын дүрэм ба зөвлөмж БД 31-115-12, Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095:2017, Төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 6330-1:2012, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04 зэргийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Эдгээрийг хангуулж, хэрэгжүүлж, хянах нь төрийн удирдах шатны байгууллагуудын үүрэг байдаг. Гэтэл төрийн байгууллагууд нь ч эмнэлгүүдийн газрыг дээрэмддэг, эмнэлгийн дарга нар нь ичих ч үгүй газраа зардаг жишиг тогтоод удав.
Цаашлаад Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого болон үндэсний хөтөлбөр, стратегиудад аймаг, дүүргийн эмнэлгийн барилгад хамааралтай төр засгийн бодлого, зорилго, зорилтыг тусгасан байдаг. Гэвч эмнэлгүүдийн өнөөгийн тусламж, үйлчилгээний бүтэц, зохион байгуулалт, зохицуулалт зэрэг нь иргэдэд Үндсэн хуулиар олгосон язгуур эрхийг нь хангаж чадахгүй байгаа юм. Төрийн бодлогод Нэгдсэн эмнэлгийн барилгын төлөвлөлтийг ч тусгасан байдгийг дурдах нь зүйтэй.
Хотын стандарт, хяналтын газрынхан эмнэлгүүдийн орчинд авто зогсоол, орц, гарцын асуудал тулгамдаж буйг онцолсон. Стандартаар бол эмнэлгүүдийн орчинд автомашины буюу яаралтай тусламжийн, төвийн үйлчлүүлэгчийн буюу амбулаторийн, эмч, ажилтны тусгай гэхчлэн хамгийн цөөндөө гурван орц, гарц байх ёстой аж. Тодруулбал, 2022 онд баталсан Эрүүл мэндийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлагыг “Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын барилгыг төлөвлөх, эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох, ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл боловсруулах, зам, замын байгууламж, барилга болон гаднах орчны тохижилтын ажил гүйцэтгэхэд хэрэглэх бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагууд өмчийн хэлбэрээс үл харгалзан мөрдлөг болгоно” гэж заажээ. Тус стандартад барилгын гол хаалга, довжоо, явган хүний болон авто зам, зогсоол, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж, эмнэлгийн хашаа, хайс, сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг, байршил заасан тэмдэг, тэмдэглэгээ, хог хаягдал гэхчлэн орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, ая тухыг хангахуйц зүйл, заалт олон.
Улаанбаатар нь байнгын хаяггүй, орон нутгаас тогтмол ирж эмчлүүлдэг, түр ажил хийдэг, хот хоорондын үйлчилгээ эрхлэгчид, дайран өнгөрөгч бусад зорчигч, жуулчин зэрэг хөдөлгөөнт бүлгийг оролцуулаад хоёр сая орчим хүн холхидог том хот. Гэтэл хэдэн эмнэлгийнх нь барилга хоцрогдсон, үйлчилгээ нь хүртээмжгүй, орчин нь хар зах шиг л байна даа.