Дэлхий дахинд техник, технологи хөгжихийн хэрээр монголчууд ч ухаалаг гар утас, цахим сүлжээг өргөнөөр ашиглах болжээ. Энэ нь нэг талаас мэдээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай авах давуу талтай. Гэвч хууртагдах, залилуулах зэрэг асуудал ч гарсаар байна. Ялангуяа цахим орчинд хэдийн танил болсон, олон дагагчтай хүмүүс огт хэрэглэж үзээгүй бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан, борлуулдаг “моод” дэлгэрээд байна. Үүний уршгаар эд хөрөнгө, гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсон иргэд цахим орчинд бухимдлаа илэрхийлж, пост бичээд л өнгөрөхөөс өөр арга алга.
Буруутай этгээдэд хариуцлага тооцдог жишиг ч байхгүй. Уг нь инфлүүнсерүүд олон нийтэд шууд нөлөөлж буй боломжоо зөвөөр ашиглан, хүнлэг сэтгэлээр хандах учиртай. Гэтэл тэд олон дагагчтай болчхоод илүү мөнгө амласантай нь гэрээ байгуулж, дагагчдадаа чанаргүй бараа худалддагаа юманчинээ тоохоо больчихлоо. Бүр олон дагагчтай цахим хуудсаа зарж, ашиг олдог жишээ ч цөөнгүй бий.
Өвчин эмгэгт тулгуурлан “хөлжиж” байна
Нөлөөлөгчдийн гол стратеги нь нийтэд тулгарч буй түгээмэл асуудал болох жингийн илүүдэл, элдэв өвчин эмгэгт дөрөөлж “хөлжих” явдал. Одоогийн байдлаар манай улсад фэйсбүүк идэвхтэй ашигладаг 2.5 сая хүн. Инстаграмыг 1.2 сая, Х буюу хуучнаар твиттерийг 100 мянга гаруй хүн ашигладаг гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл, манай улсын нийт хүн амын талаас илүү хувь нь цахим орчинд мэдээлэл солилцож байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь эрэлттэй зах зээл яах аргагүй мөн. Энэ зах зээлийг ашиглагчид аливаа өвчин эмгэгийг анагаах увдистай, хурдан хугацаанд өндөр үр дүн амладаг тураах бэлдмэл, ханиад хүргэдэггүй дусал зэргийг сүүлийн жилүүдэд эрчимтэй сурталчлах болжээ. Ер нь иргэдийн эрүүл мэндтэй холбоотой эм, бэлдмэлийг ингэж худалдах нь түгээмэл. Түүнчлэн ямар ч баримт нотолгоогүй зөвлөгөө, хэт туйлширсан мэдээллүүд ч “газар авч” байгаа.
Хэн дуртай нь цахим хуудсандаа “Би үүнийг хэрэглээд л долоо хоногт таван килограмм хасчихлаа” гэхэд олон нийт түүнийг нь ямар ч шүүлтүүргүйгээр авч хэрэглэдэг, бас итгэдэг. Махан тангийн мацаг, хоолны дуршил бууруулж, гэдэс цэвэрлэх бэлдмэл, давсаар цөсөө угаах зэрэг шинжлэх ухаанаар нотлоогүй арга, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүдээр тулгамдсан асуудалтай нэгнээ хулхидаж, тархийг нь угаадаг бүлэг бий болсон гэхэд хилсдэхгүй. Ганцхан жишээ нь, монголчуудын дунд таргалалтын эсрэг эмийн борлуулалт бизнес болтлоо хөгжчихөөд буй. Тиймээс ч олны танил эл “боломж”-ийг сайтар ашиглаж, эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчлах нь нэмэгдсэн биз.
Угтаа бол нөлөөлөгчид мэргэжлийн эмч биш. Тэд эмийн гаж нөлөө, хориглох заалтыг ч мэдэхгүй хэрнээ ашиг орлогоо бодоод сурталчилдаг. Цахим орчинд эрүүл мэндийн зөвлөгөө өгч буй хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь мэргэжлийн эмч байгааг НЭМҮТ-ийнхөн хэлж байв. Тэгэхээр үлдсэн нь сайн дурын “уран сайханчид” гэсэн үг. Зөвхөн ашиг хонжоо хайж, аль их мөнгө өгснийх нь барааг сурталчилчхаад огт хариуцлага хүлээдэггүй хүмүүсийн төлөөлөл аж.
Олон дагагч орлогын эх үүсвэр болдог уу
Цахим орчин хүчээ авахын хэрээр дагагчдын хойноос хөөцөлддөг шинэ төрлийн “өвчин” бий болжээ. Зарим нь гадаад үзэмж, ажил, мэргэжлээрээ олны анхаарлын төвд орох гэж хичээнэ. Харин дээрх байдлаар олны анхааралд багтаж чадаагүй хэд нь хараалын үг хэлж, хагас нүцгэн зургаа дэлгэж, ёс бус үг хэллэгийн тусламжтайгаар дагагчдынхаа тоог өсгөдөг. Улмаар цахим орчинд өөрийн гэсэн хүрээллийг бий болгож, түүнээсээ ашиг хүртдэг аж. Цахим хуудсандаа 100 мянгаас дээш дагагчтай хүн 30 минут лайв хийхэд дунджаар 1.5 сая төгрөг олдог гэнэ. Харин ютүб болон инстаграмд рийлс байршуулахад 2-4 сая төгрөг юм байна. Тэгэхээр олон дагагчтай байх тусам олох ашиг нь арвижна гэсэн үг. Тиймээс л бусдын анхаарлыг татахаар хичээдэг байх нь.
Ямар ч аргаар хамаагүй бараагаа “шахах” нь чухал
Нөлөөлөгчдөөр дамжуулан бараа, бүтээгдэхүүнээ богино хугацаанд борлуулж, байгууллагаа олон нийтэд таниулах нь компаниудын нийтлэг жишиг болжээ. Гэхдээ тэд хэрэглэгчдийн эрх ашгийг хоёрдугаарт тавьдаг болсон. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын нүүр царайгаар ажиллах нөлөөлөгч ямар ч аргаар хамаагүй тухайн бараа, бүтээгдэхүүнийг нь худалдаж л байвал бусад нь хамаагүй. Угаасаа ч манайд цахим орчин дахь мэдээ мэдээлэл хяналт тавих хууль, эрх зүйн орчин нь дутмаг. Тиймээс л ийм аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн тоо улам нэмэгдсээр буй биз.
“Ekaterina online shop” цахим хуудсандаа 464 мянган дагагчтай, өөрсдийн хүрээллийг хэдийн бий болгосон байгууллага юм. Эл байгууллагынхан өнгөрсөн жил хямдралтай барааны лайв хийхдээ “Шаадаг лайв” гэх нэр өгч, тухайн үедээ олны дургүйцлийг хүргэсэн. Тэд энэ маягаар олны анхаарал татах гол зорилгоо биелүүлсэн. Зөвхөн тус байгууллага бус, ийм төрлийн бизнес хийдэг хүмүүсийн олонх нь лайваар бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, борлуулдаг. Ингэхдээ ихэвчлэн хүмүүсийн цахим орчинд олноор оролцдог буюу 20.00-22.00 цагт лайв хийдэг. Бараа, бүтээгдэхүүнээ хурдхан зарж дуусгахын тулд багахан сенсаац үүсгэдэг гэхэд болно.
Бас олны танил нэр бүхий эрхмүүд байр сурталчилж, түүгээрээ “бартерддаг” болсон. Тэдэнд итгээд олон жил хурааж хуримтлуулсан хэдээ тавиад туусан иргэн ч цөөнгүй бий. Тухайлбал, олны танил эрхмүүдийн сурталчилсан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутагт байрлах “Монтой бүрд” компанийн “Хөх дэгд” хотхоны байранд захиалга өгч, хохирсон иргэд өнгөрсөн дөрөвдүгээр сард өлсгөлөн зарлаж байв. Тэд “Анх жүжигчин Б.Баттөмөрийн сурталчилгааг лайваар харсан. Захиалгаа бэлэн мөнгөөр хийвэл нэг ам метр нь 1.4 сая гэсэн. Тэгэхээр нь байдгаа бараад захиалсан. Гэтэл одоо хүртэл орон сууц огт бариагүй” гэж байв. Энэ бол наад захын жишээ. Ийм маягаар олны танил гэх хүмүүсийн сурталчилгаанд автаж, хохирсон иргэн цөөнгүй бий.
Түүнчлэн өнгөрсөн жил нэгэн олны танил эрхэм цахим хуудсаараа дамжуулан мөнгө өсгөх аппликэйшн сурталчилж, хэрхэн 400 ам.долларыг 1600 болгох талаар ч “хичээл зааж” байв. Ойр дотнынхон, найз нөхдөө ч амжиж ор хэмээн уриалахаас гадна өөрийг нь дагадаг залуусыг “Ороод азаа үз л дээ” гэх мэтээр өдөөн хатгасан. Бас цахим хуудсандаа олон дагагчтай болсон нөлөөлөгчид “1xBet”-д залуусыг уриалан дуудах нь түгээмэл. Уг нь ийм боломжийг ашиглах гэж яваад эцэст нь эд хөрөнгө, нэр төр, амиа алдсан тохиолдол олон. Хохирогчид нь ч анхааруулдаг. Гэтэл өсвөр үеийнхэн, залуустаа үлгэр дуурайлал үзүүлэх ёстой инфлүүнсерүүд тэдний амьдралыг үгүй хийж, увайгүй үйлдэл гаргаж, сөргөөр нөлөөлж буй нь харамсалтай.
Тэд энэ мэтээр олон хүний амьдралыг хохироосон ч огт хариуцлага хүлээдэггүй. Учир нь манайд энэ төрлийн хэрэг, зөрчилтэй тэмцэх хууль тогтоомж нь хангалтгүй. Өөрөөр хэлбэл, инфлүүнсерүүдийг “хазаарлах” хууль байхгүй. Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд хамаарах заалтуудаар зохицуулдаг гэнэ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрынхнаас тодруулахад “Цахим нөлөөлөгчтэй холбоотой ямар нэгэн зөрчил илэрвэл харьяа дүүргийнхээ Цагдаагийн газарт өргөдөл өгч болно. Үүний дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн алинд нь хамаарч байгаагаас шалтгаалж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг юм. Түүнээс биш одоогоор нөлөөлөгчдөд хариуцлага хүлээлгэх тусгайлсан хууль байхгүй. Ер нь нөлөөлөгчдөд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин хязгаарлагдмал” гэв.
Харин олон улсад эл асуудлыг тодорхой хууль, журмаар зохицуулдаг. Тухайлбал, АНУ-ын муж бүр цахим орчинд хэн нэгнийг гүтгэн, доромжлохын эсрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг аж. Францын Үндэсний ассамблей өнгөрсөн жил нөлөөлөгчийн үйл ажиллагааг зохицуулах, нийгмийн сүлжээний хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн хууль баталсан юм. Уг хуулиар зар сурталчилгааны хоригийг дагаж мөрдөөгүй, арилжааны зорилгыг нуун дарагдуулсан нөлөөлөгчдийг хоёр жил хүртэл хорих, эсвэл 300 мянган еврогоор торгохоор зүйлчилсэн.
Мөн ХБНГУ-д үүнийг эрүүгийн хуулиар зохицуулдаг гэнэ. Бас Европын холбооныхон “Digital services act” болон “Digital markets act” зэрэг хууль баталж байв. Ингэснээр платформуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг хамгаалах, мөн зар сурталчилгааг ил тод болгоход эерэг нөлөөтэй гэж үзэж буй. Цахим орчинд хэт автах нь олон сөрөг талтайг ойлгосон улсууд иргэдээ хулхидуулахаас ингэж сэргийлж байхад манайд үүнийг зохицуулах дүрэм, журам байхгүй нь харамсалтай.
У.Цэцэгсүрэн