Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Эерэг ирээдүй өнөөдөр” төрийн бус байгууллагынхан хамтран “Ирээдүйгээ бүү сор” тамхины эсрэг нөлөөллийн аян зохион байгуулах гэж буй талаараа өчигдөр мэдээлэл өгөв.
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр “Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэхдээ тамхины ургамал тарих заалт оруулжээ. Энэ нь уг хуулийг сайжруулах, бус улам дордуулчихсан. Мөн электрон тамхины онцгой албан татварын зохицуулалт хомс байна. Иймд эдгээр зохицуулалтуудыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Тамхины хэрэглээ буурахгүй байгаа нь уг бүтээгдэхүүнийг оруулж ирдэг компаниудтай холбоотой. Шинжлэх ухаанаар аливаа өвчний эрсдэлийг шууд тамхитай холбож болдоггүй. Бизнес эрхлэгчид үүнийг овжин ашиглаж, иргэдэд буруу, ташаа ойлголт өгч байна. Сүүлдээ өнгө, үнэр, амтыг нь өөрчлөн, уруу татах боллоо” гэв.
НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан “Тамхины ургамал өөрөөсөө шавж зайлуулах зорилгоор никотин гэх бодис ялгаруулдаг. Энэ нь хавдар үүсгэдгийг 1920 онд баталсан. Хорт хавдар, зүрх болон амьсгалын замын өвчин, чихрийн шижингийн гол шалтгаан нь архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал. Гэтэл тамхины хэрэгтээ огт буурахгүй байна. Тухайлбал, 15-69 насныхны дунд хийсэн судалгаагаар 24.2 хувь нь буюу таван хүн тутмын нэг нь тамхи татдаг гэх үр дүн гарчээ.
Мөн хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг. Тэдний дунд тамхины хэрэглээ эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад 8.7 дахин их. Түүнчлэн 10 хүн тутмын гурав нь дам тамхидалтад өртөж буй. Эрүүл мэндийн зан үйлийн судалгаагаар 13-17 насны суралцагчдын 24.8 хувь буюу дөрвөн хүүхдийн нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэсэн, цаашлаад 19 сурагчийн нэг нь байнга тамхи татдаг болох нь тогтоогдсон” гэсэн юм.
У.ЦЭЦЭГ