Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар Усны нөөцийн зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, даргаар нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг, орлогчоор нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаярыг томилжээ.
Эл зөвлөл өчигдөр хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталж, Тавантолгойн ДЦС-ын газрын доорх усны эрэл хайгуулын ажлын үр дүнтэй танилжээ. Мөн Шинэ Хархорум хот байгуулахтай холбогдуулан хийж буй гүний усны эрэл хайгуулын ажлын явц, “Майхан” УЦС-ын ТЭЗҮ, Эгийн гол, Сэлэнгэ мөрөн орчмын мөсний үзэгдлийн судалгаатай танилцаж, зөвлөмж, чиглэл өгчээ.
Уг зөвлөл нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гадаргын болон гүний усны эрэл хайгуул, судалгааны тайланг хэлэлцэж, усны нийт, ашиглах боломжит нөөцийн хэмжээг батлах, түүнийг ашиглахтай холбоотой ТЭЗҮ, төсөл, хөтөлбөр, судалгааны ажилд мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж өгөх үндсэн чиг үүрэгтэй юм.
Н.ГАН