Хууль тогтоогчид Монгол Улсын 2025 оны төсвийг ид хэлэлцэж байна. Нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8, зарлагыг 35.8 их наяд төгрөг байхаар тооцсон хуулийг Сангийн яамнаас УИХ-д өргөн бариад буй билээ. Энэ төсвийн төслийн зарцуулалтын зарим хэсэг нь ихээхэн шүүмжлэл дагуулах болсон. Тухайлбал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин 18.3 тэрбум төгрөг улсын төсөвт суулгуулж, хүүхдүүдэд ваучер тараана хэмээсэн нь олны хэл аманд өртсөн. Энэ мэтээр үрэлгэн, 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлах гэж буйд УИХ-ын гишүүд ч өөрсдөө дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа билээ. Үрэлгэн, алдагдалтай төсөв батлахдаа өрийн бичгүүдийн төлбөрийн талаар төдийлөн дурдахгүй байгаа нь хачирхалтай. Засгийн газраас гадаадын бондуудын мөнгийг төлсөн хэмээн сүр дуулиантай мэдээлэл хийж байсан. Гэтэл дотооддоо гаргасан өрийн бичгүүдийг огт дурдахгүй, төлөх талаар ч арга хэмжээ авахгүй байгаа юм. Түүний зарцуулалтын талаар ч эрх мэдэлтнүүд огт дурдахгүй, улсын нууцад хамааруулах болсон аж.
Улсын нууцад хамааруулах шаардлага байсан гэж үү
“Зоос” банкны бүтцийг өөрчлөн байгуулж, Төрийн банктай нэгтгэсэн 2009 оны сүүлчээр Засгийн газраас бонд гаргасан байдаг. Тодруулбал тухайн оны арванхоёрдугаар сарын 25-нд УИХ-аас “Зоос” банкны бүтцийг өөрчлөн байгуулахтай холбогдон гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор 100 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж нийтэд санал болгон арилжаалахыг Засгийн газар (С.Батболд)-т зөвшөөрсүгэй” гэсэн тогтоол гаргасан юм. Үүний дагуу Засгийн газраас бонд гаргаж, нийтэд арилжсан бөгөөд 2014 онд уг мөнгийг буцаан төлөх ёстой байв. Гэвч 2011 онд 20 тэрбумыг нь төлснөөс хойш бусдыг нь төлөлгүй өдий хүрчээ. Тодруулбал, “Зоос банк”-ны бүтцийн өөрчлөлтийн 100 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 2010 оны нэгдүгээр сарын 12-ноос арилжиж эхэлсэн бөгөөд 1-6 жилийн хугацаатай гаргасан бондын 20 тэрбумыг нь 2011 оны нэгдүгээр сарын 12-нд эргэн төлсөн. Үлдэгдэл 80 тэрбум төгрөгийг төлөөгүй тухай 2008 оноос хойш арилжсан Засгийн газрын бондын өрийн үлдэгдлийг Сангийн яамнаас ЗГХЭГ-т танилцуулахдаа тодотгосон байдаг. 2010 онд зургаан жилийн хугацаатай гаргасан бонд 2016 оны нэгдүгээр сарын 12-нд дууссан гэсэн үг.
Тэгэхээр 80 тэрбум төгрөг хаачсан бэ гэдэг асуулт урган гарна. Энэ олон тэрбум төгрөгийн зарцуулалтын учрыг олохоор Үндэсний аудитын газраас “Татан буугдсан банктай холбоотой шийдвэрүүдийн хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэл-нийцлийн аудит хийсэн байдаг. Харамсалтай нь энэ аудитын тайланг нууцад хамааруулсан учраас мөнгөний зарцуулалтыг хууль тогтоогчид л мэдэж байгаа гэсэн үг. Учир нь Монголбанкны ерөнхийлөгчийн “нууц” зэрэглэлтэй, ийм дардас бүхий тушаалууд аудитын тайланд багтсан тул Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу аудитын байгууллагаас “нууц” гэсэн тамга дарж УИХ, Сангийн яам, Монголбанканд хүргүүлсэн юм байна. Улмаар УИХ-ын Төсвийн байнгын хороо хаалттай хуралдаанаар энэ тайланг хэлэлцсэн аж.
Энэ хаалттай хурлынхаа дараа “Зоос” банктай холбоотой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж ил болгох талаар Үндэсний аудитын газарт чиглэл өгсөн юм билээ. Гэвч нууцаас гаргаж, ил болгосонгүй. Тиймээс Засгийн газраас гаргасан 100 тэрбумын бондын зарцуулалтыг ард иргэд мэдэх боломжгүй гэсэн үг.
Үндэсний аудитын газраас УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу нууцаас гаргах боломжтой, эсэхийг судалсан гэнэ. Үүний хүрээнд Монголбанканд хандахад “Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19.1-т заасан албаны нууцыг ил болгох үндэслэл бүрдээгүй” гэсэн хариу өгчээ. Үүнээс гадна олон нийтэд ил болоогүй зээлдэгч нарын болон барьцаа хөрөнгийнх нь мэдээлэл зэргээс шалтгаалж нууцаас гаргах боломж бүрдээгүй гэнэ.
Засгийн газрын бондын төлбөрийн үлдэгдэл 58 тэрбум төгрөг болжээ
“Зоос” банкны эрх хүлээн авагчийн Сангийн сайд Б.Жавхланд хандсан албан бичигт дурдсанаар Засгийн газрын бондын өр 58 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэжээ. Бондын төлбөрийг тэргүүн ээлжинд төлж барагдуулахаар ажиллаж буйгаа эрх хүлээн авагч Т.Болд мэдэгдээд “Эрх хүлээн авагч нь нийт 37.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын бондын төлбөрт буюу улсын төсөвт шилжүүлээд байна” хэмээсэн аж.
“Зоос” банкны зээлдэгч 1360 иргэн, аж ахуйн нэгж байдаг юм билээ. Тэднээс 1323 нь өр, төлбөрөө барагдуулж, 62.8 тэрбум төгрөг тушаажээ. Түүнээс нь 37.1 тэрбумыг нь улсын төсөвт шилжүүлсэн гэсэн үг. Өдгөө 37 зээлдэгчээс 65.8 тэрбум төгрөг авах ёстой ч барагдуулж чадахгүй байгаа аж. Уг мөнгөний дийлэнх буюу 58.1 тэрбум нь дампуурсан “Олон овоот гоулд” компанийнх гэнэ. Үлдсэн 7.7 нь бусад зээлдэгчийнх юм байна. “Олон овоот гоулд” ХХК нь зээлийн барьцаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд тавьсан бөгөөд цөөнгүйнх нь хугацаа дууссан, төлбөрөө төлөөгүй зэргээс шалтгаалж АМГТГ-аас хүчингүй болгожээ. Өдгөө найман тусгай зөвшөөрөл л барьцаанд буй юм. Тус компани зөвхөн “Зоос”-оор тогтохгүй татан буугдсан “Анод”, “Хадгаламж” банканд ч олон тэрбумын өр, зээлтэй байдаг. Шүүхийн эцсийн шийдвэр гарч “Олон овоот гоулд” ХХК-ийн барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах болсонтой холбоотойгоор дээрх банкуудаас авсан зарим зээл төлөгдөх нь гэсэн хүлээлт буй юм билээ.
Тус компаниас гадна бусад зээлдэгч нь барьцаа хөрөнгөгүй, байгаа нэгнийх нь чанар муудаж, үнэлгээ нь буурсан, үйл ажиллагаа нь зогссон зэргээр муу зээлүүд ч бий гэнэ.
Хувьцаа эзэмшигчид “нүдээ ширгэтэл” хүлээсээр байна
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, өдгөө УИХ-ын гишүүн, Сангийн сайд болсон Б.Жавхлан 2015 онд жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулахаар ямар арга хэмжээ авсан талаараа УИХ-д танилцуулсан байдаг. Түүндээ “Зоос банк” ХК-д банкны эрх хүлээн авагч томилогдмогц Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан Банкны эрх хүлээн авагчийн нэн даруй авах арга хэмжээний хүрээнд банкны хувь нийлүүлэгчдэд санхүүгийн хариуцлага хүлээлгэж 14.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө, 14.7 тэрбум төгрөгийн нэмж төлөгдсөн капитал, хуримтлагдсан ашиг, бусад сангаар алдагдлыг хүлээлгэж санхүүгийн тайланд тусгасан. Эрх хүлээн авагчийн зүгээс Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр барагдуулах дарааллыг тогтоон, тэргүүн ээлжид иргэн, хуулийн этгээдийн харилцах хадгаламжийг алдагдлаас хамгаалах зорилгоор гаргасан Засгийн газрын бондын төлбөрийг барагдуулах ёстой. Үүнийг бүрэн барагдуулсны дараа үлдэх хөрөнгийг банкны хувьцаа эзэмшигчдэд хувьцааны давуу ба ердийн эрх гэсэн дарааллаар хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан байдаг. Иймд дээрх хуулийн заалтын дагуу “Зоос банк” ХК-ийн эрх хүлээн авагчийн зүгээс Засгийн газрын бондын төлбөрийг төлж барагдуулах ажиллагаа үргэлжилж байгаа тул хувьцаа эзэмшигчдийн банканд оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгох нөхцөл хуулийн дагуу бүрдээгүй. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны гуравдугаар сарын 13-нд “Зоос банк”-ны жижиг хувьцаа эзэмшигч 628 хүний оруулсан хөрөнгийг хувьцааны нэрлэсэн үнээр тооцон ойролцоогоор нэг тэрбум төгрөгийг хуваарилах санал СЗХ-ноос хэлэлцүүлсэн боловч Банкны тухай хуулийн 64.1-т заасан төлбөрийн асуудлыг шийдвэрлэсний дараа дахин хэлэлцэхээр тогтсон. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны есдүгээр сарын 29-ний өдрийн хурлаар “Зоос” банкан дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгох актив хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлэх асуудлыг хэлэлцүүлэх үед дээрх асуудлыг дахин авч хэлэлцэн, хуульд заасан дарааллын дагуу Засгийн газрын бондын өр төлбөрт дүйцүүлэн “Зоос банк” ХК-ийн актив хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлэх талаар зөвлөмж гаргасан” хэмээн ярьж байсан. Гэтэл өнөөдөр байдал яг хэвээрээ л байгааг Сангийн сайдад хаягласан албан бичигт “Зоос” банкны эрх хүлээн авагч дурдсан байна. Эрх хүлээн авагч нь Засгийн газраас гаргасан бондын төлбөрийг бүрэн төлсний дараа жижиг хувьцаа эзэмшигч 628 хүний оруулсан хөрөнгийг хувьцааны нэрлэсэн үнээр тооцон нэг тэрбум 61 сая 725 мянган төгрөг хуваарилна хэмээн мэдэгдсээр. Хувьцаа эзэмшигчид “нүдээ ширгэтэл” хүлээсээр. Зарим нь мөнгөө буцааж авч чадалгүй ертөнцийн мөнх бусыг ч үзүүлсэн нь ч бий.