Францын хатан хаан Мари Антуанеттийн алдарт “Тэгвэл бялуу идэцгээг л дээ” гэх үг байдаг. Тодруулбал, XVII зууны үед тус улсад өлсгөлөн нүүрлэж, ард түмэн нь идэх талхгүй болсон тухай хэлэхэд хатан ийнхүү хариулсан хэмээх домог яриа бий. Яг ийм “гайхамшигтай” үйл явдал таван зууны дараа манай улсад давтагдаж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал О.Батбаяр иргэдэд “Амны хаалт зүүх боломжгүй бол ноолууран ороолтоор ам, хамраа халхлаарай” гэж зөвлөжээ.
Идэр есийн хүйтэн эхлээгүй байхад Улаанбаатарын утаа аль хэдийн гамшгийн хэмжээнд хүрснийг эрх баригчид хүлээн зөвшөөрч, амны хаалт зүүхийг олон нийтэд уриалах нь зүйтэй гэж иргэд шаардах болсон. Харамсалтай нь, дарга нар утааг мэдсэн ч мэдээгүй юм шиг гүрийсээр байв. Гэвч агаарын бохирдол нуун далдлах аргагүйд хүртлээ ихэссэн тул төр засаг нэгэн “түшмэл”-ээрээ олон нийтэд анхааруулга өгүүлэхийг хичээлээ. Даанч өнөөх нь дарга нар иргэдийн амьдралаас хэт хол тасарсныг илчилж орхив.
Товчхондоо, утааны эсрэг ноолууран ороолт зүүгээрэй гэж иргэдээ тавладаг эрх мэдэлтнүүд бидний “дээр” байна. Гэтэл ноолууран ороолтын үнэ амны хаалтынхаас бараг 1000 дахин өндөр. Өдөр тутмын аж амьдралаа арайхийн аргацааж, хөлдөж үхэхийн тулд сайжруулсан хэмээх түлшийг нь түлж утаа гарган амьдарч байгаа иргэдэд даргын үг доромжлол шиг санагдсан нь гарцаагүй. Бүх иргэнээ ноолууран ороолттой гэж бодох хүртлээ “вакумжсан” дарга нар бодит байдлаа хэзээ ойлгож, утаагаа бууруулах юм бол.