Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ, “Орда вэлф” ХХК-ийнхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Үүний хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумд 2025-2027 онд 1059 га талбайд ойн зурвас байгуулж, Хараа голын эрэг дагуух 109 га газарт татмын ойжуулалт хийхээр төлөвлөжээ.
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын нөлөөгөөр Хараа голын эрэг дагуух бургасан ой сүүлийн жилүүдэд эрчимтэй доройтож, мод нь цөөрч байгаа гэнэ. Талууд төслөөрөө дамжуулан үүнийг сэргээж, хамгаалах зорилт тавьжээ. Эхний ээлжид 2025 онд 102 га талбайд татмын ойжуулалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнд шаардлагатай санхүүжилтийг нүүрстөрөгчийн зах зээлээс буюу карбон кредитийн арилжааны системээс босгох аж.