“Тавантолгой түлш” ХХК-ийн Чанар борлуулалтын хэлтсээс “Миний мэдэх сайн түлш” гэрэл зургийн уралдаан зарлаж, нэг сарын хугацаанд бүтээл хүлээн авчээ. Тус компанийн үйлдвэрлэсэн шахмал түлшинд иргэд хэдэн зуугаараа хордож, амиа алдсанд эмгэнэл илэрхийлэхийн оронд гэрэл зургийн уралдаан зарласан нь санаанд багтамгүй солиорол гэлтэй. Энэ он гарснаас хойш 2214 иргэн угаарын хийд хордож, 38 хүн нас барсан. Ийм байхад иргэдийг тавласан мэт “Сайн түлшний зураг ав” хэмээсэнд бухимдсан хүн цөөнгүй. Хүүхэд, хөгшидгүй хорт хийгээр утуулж, ханиад томуу, өвчин, эмгэгтээ шаналж байхад шахмал түлшийг “алдаршуул” гэсэн нь “Тавантолгой түлш” компанийнхан мэдрэмжгүй, эсвэл амьдралаас хэт тасарсан хүмүүс байдаг бололтой.
Тэд тусдаа “баллонтой агаар”-аар амьсгалдаг ч байж мэдэх юм. Тус компанийнхан “Чанар бидний зорилт-2024” аяны хүрээнд уг уралдааныг зарласан гэж тодотгосон байна лээ. Иргэдийн эрүүл мэнд, аминд халтай түлшийг “сайн” гээд л хэлчихвэл чанар нь сайжирчихна гэж эндүүрсэн юм болов уу. Харамсалтай нь, нүүгэлтсэн өтгөн утаа л гэрэл зурагчдын хальсанд буусан байх. Зургийн уралдаан зарлаж, хийцгүйрч суухаар түлшнийхээ чанар, аюулгүй байдалд анхаараач.
Ч.ЦЭЛМЭГ