Үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуудуутай гаргасан байж болзошгүй 11 байцаагчаа шалгуулахаар Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхтайван АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад хандан албан бичиг хүргүүллээ. Олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд гарсан нэр бүхий гаалийн байцаагчдын зураг, хөрөнгө, орлого зэргийг хууль ёсоор олж авсан, өвлөсөн, эсэх, тухайн хөрөнгүүд нь бодит, үгүйг нягтлан шалгаж тогтоолгохоор ийнхүү хандсан байна.
АТГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд гаалийн байгууллагын албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг 3-5 жилийн давтамжтай хянадаг. Хамгийн сүүлд 2019-2020 оны үед ийм шалгалт хийсэн аж. Тэгвэл АТГ-ын дараачийн ээлжит хяналт шалгалт удахгүй орохоос өмнө Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Охиноо, Б.Солонго, Б.Төгсбаяр, Т.Дулмаа, Л.Долгормаа, гаалийн улсын байцаагч Ж.Алтанчимэг, Ч.Байгалмаа, Д.Саранцэцэг, Х.Энхтуяа, Д.Цэцэгсүрэн, Ж.Булга нарын ХАСХОМ-ийг нарийвчлан шалгуулахаар болж байна.
Мөн тус Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэврээ тогтоолгосон Н.Уранчимэг, гаалийн улсын байцаагч асан, хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн Б.Отгончимэг нарын ХАСХОМ-ийг шалгах, эсэх нь тодорхойгүй байгаа юм. Нэр дурдсан байцаагчдын заримынх нь нөхөр, хамаарал бүхий хүн нь автомашины наймаа эрхэлдэг бөгөөд Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу тэднийхээ хөрөнгө, орлогын талаар мэдүүлсэн нь тодорхой байгаа гэнэ. Зарим байцаагчийг нь нарийвчлан шалгах үндэслэлүүд ч бий болсон аж.