Монголын балетын урлагийг олон улсын үзэгчдэд таниулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Элит балет” компанийнхан энэ сарын 21-нд БНСУ-д тоглохоор болжээ. Тэд П.И.Чайковскийн алдарт “Щелкунчик ба гайхамшгийн орон”-ыг медиа арт балетын хэлбэрээр Солонгосын “Eoul art center”-т хоёр удаа тоглохоор товлосон байна. Тоглолтод манай улсын Консерваторын балетын ангийн 27 оюутан, сурагч, уран бүтээлч оролцохоор бэлтгэлээ базааж буй аж. Тус компанийнхан орчин цагийн үзэгчид, залуусын эрэлт хэрэгцээ, сонирхлыг судалсны үндсэн дээр медиа арт төрлийг балетын урлагт нэвтрүүлээд байгаа билээ. Монгол хүн балетын урлагийг техник, технологийн дэвшил, видео эффект, 3D виртуал орчин, холлограм зэрэгтэй анх удаа хослуулан медиа арт хэлбэрээр олон нийтэд хүргэснээрээ тэдний уран бүтээлүүд онцлогтой.
“Энэхүү бүтээлийг Солонгос улсад тоглуулснаар Монголын Консерваторын балетын 27 оюутан, сурагч, уран бүтээлч залуус эх орноо сурталчилна. Бас тэдэнд маш том дадлага, туршлага болохоороо онцлогтой юм. Мөн хоёр улсын балетын урлагийнхны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах давуу талтай. “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт балетын жүжигт Монгол Улсын Төрийн далбаа, үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин хэв шинжийг харуулсан хургачин охины тухай бүжиг дэглэн найруулж, шигтгэн оруулсан. Энэ нь Солонгосын үзэгчдэд эх орноо таниулах маш тод сурталчилгаа болно гэж бид харж буй” хэмээн “Элит балет”-ын үүсгэн байгуулагч, балетмейстер Ц.Цолмонбуд онцоллоо.
Ташрамд дурдахад, “Элит балет” компани 2017 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй. Тус компанийнхан Монголынхоо балетын урлагийг сурталчлахын зэрэгцээ энэ чиглэлээр суралцах оюутан, сурагчдын тоог нэмэгдүүлэх, залуучуудад урлагийн гоо зүйн өндөр боловсрол олгох зорилготой аж. Тэд одоогоор “Ла ла лэнд” болон “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт балетаа бүтээгээд байна.
Ч.Зул