Нийслэлд хүйтний эрч чангарахын хэрээр утааны асуудал газар авч буй юм. Үс, хувцсанд шингэж, хамар сэтлэх шахам үнэртдэг утаанаас уушгиа хэрхэн хамгаалах вэ гэдэг асуулттай хүн бүр тулгарч байна. Арванхоёрдугаар сар бол утаа хамгийн ихээр тархдаг үе. Гэтэл энэ үед утаанаас хамгаалах, шүүлтүүртэй амны хаалт олдохгүй байгааг иргэд цахим орчинд бичих болов. PM2.5, РМ10 тоосонцроос N95, N99, N100 стандартын маск л бүрэн хамгаалах чадвартай. Гэвч энэ төрлийн амны хаалт ховордож, иргэд нэг удаагийн маскаар “амь зууж” байна. Эмийн санчид “Дуусчихсан, захиалга өгсөн ч ирэхгүй, тасарчихсан. Энгийн, нэг удаагийн амны хаалт л байна” гэх аж. Уг нь эмийн сангуудад утааны эсрэг маскийг 700-2500 төгрөгөөр зардаг байсан ч олдоц муутайгаас иргэд гарал үүсэл нь тодорхойгүй, чанаргүй бүтээгдэхүүнийг хувь хүнээс өндөр үнээр худалдан авах нь олширчээ.
N95, N99, N100 төрлийн маск нь PM2.5, РМ10 тоосонцроос 95-100 хувь хүртэл хамгаалах чадвартай юм байна. N95 гэх нэршил нь маскийн шүүж чадах хүчин чадлыг заадаг. Жишээлбэл, N95 нь 95, N100 нь 100 хувь хүртэл хамгаална гэсэн үг аж. Мөн амны хаалт авахдаа чанартай шүүлтүүртэй, сайн битүүмжтэйг сонгох нь чухал. Түүнчлэн тогтмол сольж, цэвэрлэх хэрэгтэй. Хэрэв олон цагийн турш зүүх шаардлагатай бол амьсгалахад тээргүй, нүүрний хэлбэрт зохицохуйц маск сонгох ёстой аж.
Агаар дахь бохирдлыг PM буюу “particulate matter” гэх нэгжээр хэмждэг. Тухайлбал, PM10 нь 10 микрометр буюу хүний үснээс ойролцоогоор долоо дахин жижиг хэсгийг хэлнэ. Харин PM2.5 буюу 2.5 микрометрийн хэмжээтэй тоосонцор нь агаарын бохирдлын хамгийн жижиг, хамгийн аюултай хэсгүүдийн нэг. Уушгинд илүү гүн шингэж, цусанд хүртэл нэвчих чадалтай учраас эрүүл мэндэд маш хортой гэнэ. ДЭМБ-ын мэдээлснээр агаарт агуулагдах PM2.5 хэмжээтэй тоосонцрын бохирдол нь дэлхий нийтэд эрт нас баралтад нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг юм. Манай хотын PM2.5-ын ялгарлын 70 хувь нь гэр хорооллын айл өрхүүдийн галлагаанаас үүдэлтэй гэнэ. Харин үлдсэн хувь нь цахилгаан станц, автомашин болон аж үйлдвэрээс ялгардаг байна. Дэлхий нийтэд жилд ойролцоогоор долоон сая хүн гадаад орчны агаарын бохирдол, ялангуяа PM2.5 тоосонцроос үүдэлтэй өвчний улмаас амиа алддагийг судалгаагаар тогтоожээ.
У.СҮРЭН