Зам, тээврийн салбарын 94 үйлчилгээг цахимжуулсан талаар өчигдөр мэдээллээ. Тодруулбал, салбарын яамны Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Гэрэлням “Зам, тээврийн салбар голлох үйлчилгээнүүдээ цахимжуулснаар зорчих хөдөлгөөнийг бууруулж, хугацаа, зардал хэмнэдэг болсон. Нийслэлийн замын түгжрэл, автомашинуудын яндангаас гарах утааг хүртэл бууруулахад цахим үйлчилгээнүүд тус болж буй гэсэн үг. Тухайлбал, 2024 онд Google map системд Монгол болон олон улс, орон нутгийн чанартай авто зам, түүний дагуух үйлчилгээний байгууламжууд, түүхэн дурсгалт газрууд, төлбөр авах, амрах цэгийн 360 мэдээллийг панорама зураг хэлбэрээр оруулсан. Энэ нь жолооч, зорчигч, аялагчдад авто замын сүлжээний дагуух үнэн бодит мэдээлэл өгөхөөс гадна тус системээр дамжуулан эх орноо дэлхий нийтэд таниулах ач холбогдолтой. Мөн Зам, тээврийн яам болон харьяа байгууллагуудын хэмжээнд албан хэрэг хөтлөлт 100 хувь цахим хэлбэрт шилжиж, бичиг хэрэг, шуудангийн зардлыг таналаа. Ингэснээр иргэд, байгууллагуудын хоорондох шат дамжлага ч багассан. Түүнчлэн дэлхий даяар цахилгаан тээврийг чухалчилж, устөрөгчийг эл салбарт хэрэглэх нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах сайн талтай гэж үзэж буй тул цаашид эдгээр ажлыг эрчимжүүлэхээр салбарын мэргэжилтнүүд ажиллаж байгаа” гэж ярив.
О.ОРГИЛОХ