Жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг, БНСУ-ын GS групп Монгол, Вьетнам улсын зах зээлд бизнесээ амжилттай өргөжүүлж буй талаараа мэдээлжээ. Тус компани “GS25” сүлжээ дэлгүүрээ анх 2021 оны хавар Монголд нээсэн бол өдгөө нийслэл, орон нутагт нийт 280 орчим салбартай болоод байна. Эднийхтэй өрсөлдөгч гэж хэлж болохуйц CU сүлжээ дэлгүүр ч Улаанбаатар хотын өнцөг булан бүрд, томоохон аймаг, сумуудад хүртэл үүд хаалгаа нээсээр, өнөөдрийн байдлаар 370 гаруй салбартай болжээ. Манай улс дахь хамгийн анхны конвиниенс дэлгүүр гэгдэх CU-г “Сэнтрал экспресс Си Ви Эс” хэмээх монгол компани зах зээлд нэвтрүүлсэн гэх ч тус брэндийн мастер франчайзыг нь Өмнөд Солонгосын “Би Жи Эф ритэйл” компани эзэмшдэг.
Түүнчлэн Солонгосын “CJ foodville” корпорац мастер франчайзыг нь эзэмшдэг “Тү лэ жүр” сүлжээ бэйкэри дэлгүүрийн Монгол дахь салбарын тоог 2030 он гэхэд 40 болгож, Дархан-Уул, Орхон аймагт нээхээр төлөвлөж байгаа гэнэ. БНСУ-ын Кёнги аймгийн Намянжү хотын кофены үр боловсруулах үйлдвэрээс гаралтай “Tom n Toms”-ын салбарууд нийслэлд нээгдээд багагүй хугацаа өнгөрч буй энэ үед “Mega MGC” хэмээх бас нэгэн ижил төрлийн сүлжээ Улаанбаатарт саяхнаас үйл ажиллагаагаа эхлүүлэв.
Энэ мэтчилэн дурдвал БНСУ-аар “овоглож” дэлхий дахинд танигдсан олон улсын сүлжээ бизнес Монголд олон. Зөвхөн хүнс, хоол үйлдвэрлэл, жижиглэн худалдааны чиглэлийн бизнесүүдийг дурдахад л ийм байна. Үүний цаана эм, эмнэлгийн үйлчилгээ, хувцас үйдвэрлэл, гоо сайхан, зочид буудал, барилга, бүтээн байгуулалт гээд олон салбарт солонгосчууд шууд болон дам байдлаар ноёрхлоо тогтоогоод буй. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын зах зээлд тус орны иргэд гол тоглогч болчихлоо. Соёл, нийгмийн салбар дахь солонгосчуудын нөлөөллийг хэмжиж, үнэлэхэд үнэндээ бэрх. Орчин цагийн хүүхэд, залуус солонгосоор “амьсгалж” байна. “Та яг солонгос хүн шиг харагдаж байна” хэмээх үгэнд хөл алдан баярлах хэмжээнд монгол залуус харь орны соёлын нөлөөнд автжээ.
Солонгос соёлын нөлөө Монголд харьцангуй эрт давлагаалсан гэж үздэг. Үүний үндэс суурийг 2000-аад оны үеэс манай улсад түгээн дэлгэрүүлсэн “савангийн дуурь”, 2010-аад оноос дэлхий дахинд хүчээ авсан К-поп урлаг амжилттай тавьсан. Энэ бүхний үндсэн дээр Монголд олон бизнес цэцэглэсэн, Солонгос орон болон солонгосчуудыг тахин шүтэх, илүүд үзэх хандлага эрчээ авсан юм. Өдгөө энэ үзэл, хандлага бүр ч гаарч, эл орны соёлыг сурталчлах суваг сүлжээ илүү өргөсжээ. Одоогийн байдлаар манай орны хүн амын хоёр хувь буюу нэг аймгийнхтай дүйцэхүйц тооны иргэн тус улсад ажиллаж, амьдарч байна. Тийшээ явахаар төлөвлөж, зорьж, “хөөцөлдөж” буй хүн цаана нь хэдэн мянгаараа бий. Үндсэндээ бид өнгөрсөн хугацаанд Солонгос лугаа хөгжихийг, боломж л гарвал Гуулин улсад очиж ажиллаж, амьдрахыг, тус орны иргэд шиг хариуцлагатай, нэгдмэл, шударга ёсыг эрхэмлэдэг, төр засаг шиг нь амбицтай, аминч бодлоготой байхыг хичээж, үлгэрлэж ирсэн. Энэ бүхний цаана өнөөх л соёлын нөлөө, тахин шүтэх үзэл буй юм.
Ерөөс БНСУ зөөлөн хүчний бодлогоор дэлхий дахинд нөлөөллөө асар богино хугацаанд, маш хурдтай тэлсэн. Үе үеийн Засгийн газар нь ч “Дэлхийн Солонгос”, “Солонгосын давлагаа” зэрэг соёлын бодлого, үзэл баримтлалыг залгамж халаатай, тууштай хэрэгжүүлж, олон улс дахь нөлөөлөл, байр сууриа бататгаж ирсэн юм билээ. Тодруулбал, өөрийн соёл, үнэт зүйл, үзэл санаагаараа бусад улс орныг татах, дэлхий дахинд хүчирхэгжих, нөлөөлөл тогтоох стратегийг амжилттай хэрэгжүүлсэн гэсэн үг. Үүндээ соёлын солилцоо, боловсрол, урлаг, хэвлэл мэдээллийн салбарыг түлхүү ашигласан. BTS, “Black pink”, “Big bang” зэрэг К-поп хамтлаг дэлхий дахинд алдаршсан нь, PSY-ын алдарт “Gangnam style” дуу бүх цаг үеийн чарт, үзүүлэлтийг эвдсэн бүтээл болсон нь, “Parasite” кино Оскарын шагналыг түүж, “Squid game” цуврал “Нетфликс”-ийн нүүрийг тахалж, Хан Кан Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн нь зүгээр ч нэг тохиолдол, аз, эз дийлсэн явдал биш юм. Энэ бүхэн тус улсын соёлын бодлогын үр нөлөө. БНСУ-ын Ерөнхийлөгч нь дэргэдээ үндэсний брэндийн зөвлөл ажиллуулж, соёлын бодлого, зөөлөн хүчний үзэл баримтлалыг хэрэгжүүлж байсан үе ч бий гэлцдэг. Үүний нөлөөгөөр Солонгос дэлхийд “гарсан”, манайх шиг хүчний тэнцвэр, нөлөөлөх чадамж сул орнуудад үндэсний ижилсэл, өв соёл, уламжлал нь бүдгэрэх хэмжээнд тэд ноёрхлоо тогтоосон.
Зөөлөн хүчний бодлого гэдэг зүйл алсуураа ямар их уршиг дагуулдаг билээ дээ. Тухайн улс орны өв уламжлал, үнэт зүйл зэрэг үндэсний гэсэн бүхнийг алгуурхнаар уусгаж, бүдгэрүүлээд зогсохгүй дотоодын эдийн засгийн хүчийг сулруулж, эрх ашгаа хамгаалах чадамжийг нь бууруулж байдаг. Олон улсын тодорхойлолтоор бол зөөлөн хүчний бодлого нь үндэсний соёлын доройтол, эдийн засгийн хараат байдал, нийгмийн үнэт зүйлсийн өөрчлөлтөд хөтөлдөг гэж үздэг. Солонгосын жижиглэн худалдааны дэлгүүр, ресторан, кофе шоп Монголд нээгдэх нь ямар сөрөг нөлөөтэй гэж. Харин ч олон улсад танигдсан, дампуурах эрсдэлээс хол бизнесийг эх орондоо нутагшуулснаар эдийн засагт нэмэртэй биш гэж үү. Уншигч та ингэж бодож байна уу. Франчайз бизнес хэт цэцэглэх нь зах зээлийн өрсөлдөөнийг бууруулж, дотоодын, гарааны бизнесүүд шахагдах эрсдэлийг үүсгэдэг. Тэгш бус гараанаас эхлэх нөхцөл болдог гэсэн үг. Хэрэглээ, худалдан авалтаар дамжуулан иргэдийн хандлага, амьдралын хэмнэлд ч нөлөөлдөг. Тиймээс л соёл, бизнесийн салбар дахь солонгосчуудын нөлөөлөлд тодорхой хэмжээнд, боломжит түвшинд хязгаар тавьж, үндэсний дархлаагаа, дотоод зах зээлээ хамгаалах шаардлагатай юм. “Монгол Улс Солонгосын 22 дахь аймаг боллоо”, “Монгол хүүхдүүд “Пороро”, “Консуни” үзэж хэлд, хөлд ороод, BTS, “Black pink” сонсож өсөж хүмүүжээд, тус оронд ажиллаж, амьдрах зорилготойгоор дунд, их, дээд сургуулиа дүүргэж байна” гэж ярих болсон нь ч учиртай. Бид ингэтлээ солонгос соёлд уусжээ. Гадаадын жуулчид хүртэл манай улсын энэ сул талыг олж хараад, дуу алдаж байна.
“Indigo traveller” хэмээх брэнд нэр, контентоороо дэлхий дахинд танигдсан, Шинэ Зеланд Улсын аялагч Франсуа Харрис өнгөрсөн зун Монголд гурав дахиа аялсныхаа дараа “Улаанбаатарт очих бүрдээ БНСУ-ын Сөүл хоттой ямар адилхан болж байгааг нь гайхдаг. Би орчлон ертөнцийг өөрөөр харж, дахин давтагдашгүй онцлог бүхий аж байдал, соёл уламжлалтай танилцахаар янз бүрийн улсаар аялдаг ч Монголд очихоор Солонгос дахь гэрээ эрхгүй санадаг. Улаанбаатар яг л Сөүл шиг болж байна. Сөүлд байдаг CU, GS25 сүлжээ дэлгүүр, солонгос хоолны ресторан энэ хотын хаа сайгүй таардаг. Бүр дэлгүүрт худалдаж байгаа бараа, бүтээгдэхүүнүүд нь ижил. Солонгос хоол, амттанаар үйлчилдэг “Street food” ч энд тэндгүй болж. Хотын төвөөр хэсэгхэн хугацаанд явахад л солонгос жуулчин тээвэрлэдэг автобус буудлууд дээр хэд хэдээрээ зогсож байна. Солонгос соёлын нөлөө Монголд үнэхээр хүчтэй дэлгэрснийг нүдээр үзлээ” хэмээн ярьсан юм. Бид гадаадынхны нүдээр ингэж л харагддаг, анзаарагддаг байх нь. Энэ бол баярлаж хүлээж авахаар, эсвэл эерүүлж бодон өнгөрөх зүйл огт биш.
Манай улсын Засгийн газар цар тахлын дараах хямралыг даван туулах, аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгож хөгжүүлэх зорилтын хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласан. Үүний хүрээнд үндэсний брэндийг хөгжүүлэх, өв соёл, уламжлалаа олон улсад сурталчлан таниулах ажлуудыг эрчимжүүлэх бодлого баримталж буй. Энэ бүхний гол цөмд солонгос жуулчид бий. Засгийн газар тус улсаас ирэх зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд визийн шаардлагаас чөлөөлөх, нислэгийн давтамж, тийзийн үнийг хямдруулах олон талт арга хэмжээг авсан. Ингэсний үр дүнд солонгос жуулчдын тоо сүүлийн хоёр жилд эрс нэмэгдсэн. Нийт жуулчдын 20-30 хувийг тус орны иргэд эзэлж буй. Гэтэл бидэнд Монголын говь, шөнийн тэнгэрээс өөр солонгосчуудад үзүүлэх, гайхшируулах зүйл үнэндээ алга. Улсад нь байдаг дэлгүүр, ресторан, кофе шопуудыг нийслэлдээ “нүүлгэж” ирснээ хотын аялал санал болгох нь угтаа бол ичгэвтэр хэрэг. Уг нь “Монголд зочлох жил”-ийн хүрээнд хийх гол ажил нь үндэсний соёл, уламжлалаа сурталчилж, олон улсад гарах шүү дээ. Гэтэл манай улс үүнийг хийж чадахгүй, байдгийнхаа баруун хаяаг бараадна гэгчээр солонгос жуулчдыг л авчрахад анхаараад байна. Өнөөдүүл нь Улаанбаатарыг Солонгосын жишгээр “хөгжиж” буйг гайхах, шоолохын завсарт ярьцгааж, үндэсний үйлдвэрлэгч, бизнесүүддээ л хөрөнгө оруулаад буцдаг. Солонгос соёлын нөлөө хүч түрж буй яг одоогийн нөхцөлд бидний амин чухал үүрэг бол соёл, уламжлалаа хамгаалах, сурталчлах ажлыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх, үндэсний гэсэн бүхнээ дэмжиж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх юм шүү дээ.
Н.МИШЭЭЛ