Оксфордын их сургуулийн харьяа Оксфордын хэвлэлийн газар (OUP)-ын судлаачид 2004 оноос эхлээд тухайн жилийн нийгмийн хандлага, өөрчлөлт, соёлын онцлогийг илтгэхүйц, олон нийтийн дунд хамгийн түгээмэл ашигласан үгийг тодруулж ирсэн юм. Тэгвэл 2024 оны онцлох үгээр “brain rot”-ыг нэрлэв. Энэ нь тархины ялзрал, доройтол гэсэн утгатай бөгөөд цахим хэрэглэгчид, ялангуяа “ТикТок”, “Инстаграм”, “Фэйсбүүк” ашиглагч залуучуудын дунд өргөн хэрэглээний, нийтлэг ойлголтыг илэрхийлэхүйц үг болжээ. Цахим платформ ашиглагчид, нийгмийн сүлжээнд идэвхтэй шинэ үеийн залуус энэ үгийг чанаргүй контент, зах замбараагүй мэдээллийн урсгалд хөл алдан живж буй орчин цагийнхны эмгэнэлт байдал, хүний оюун санаа, тархинд нөлөөлөх цахим хэрэглээний хор уршгийг илэрхийлэхэд түгээмэл ашигласан байна. Энэхүү үгийн хэрэглээ 2024 онд өмнөх жилийнхээс 230 хувиар өсжээ.
Оксфордын оны онцлох үгийг шалгаруулахдаа хэвлэл мэдээлэл, цахим орчин, олон нийтийн дунд түгээмэл тархсан үгнүүдийг судалж, өргөн хэрэглээтэйг нь шалгаруулдаг. Үүний дараа олон нийтийн дунд санал асуулга явуулдаг. Өнөө жилийн онцлох үг 37 мянга гаруй хүний санал авснаар тэргүүлжээ. 2022 онд “goblin mode” буюу “чөтгөрийн горим” хэмээх үгийг онцолсон. Энэ нь цар тахлын дараах амьдралын хэв маяг буюу нийгмийн дарамтаас ангид байх хандлагыг илэрхийлж байв. Харин өнгөрсөн онд сэтгэл татам, дур булаам байдлыг илтгэдэг “rizz” хэмээх үгийг шалгаруулсан. Орчин цагийн залуус, Z үеийнхний хандлага, соёлыг тодотгоход үүнийг түлхүү ашигласан байна. Өнөө жил “тархины ялзрал” хэмээх үг тренд болсон нь цахим орчинд дархлаатай байж, худал, хуурамч, “хогон” мэдээлэлд автахгүй, үр шим, ач холбогдолгүй контентод тархиа угаалгахгүй байх анхааруулгыг хүн төрөлхтөнд өгч чадлаа.
Ташрамд дурдахад, Америкийн зохиолч Хэнри Дэвид Торо 1854 онд “Walden” хэмээх зохиолдоо тархины ялзрал гэдэг үгийг нийгмийн оюун санааны доройтлыг илэрхийлэх утгаар хамгийн анх ашиглаж, дэлгэрүүлж байжээ.