Цахилгаантай холбоотой ослын улмаас жилд дунджаар 500 мянга орчим хүн амиа алдаж, сая сая хүн бэртэж гэмтдэгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)-ын мэдээлэлд дурджээ. Энэ төрлийн осол нь ажлын байран дахь үхлийн шалтгааны дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг гэнэ. АНУ-д зөвхөн өнгөрсөн онд гэхэд 300 гаруй ажилтан цахилгааны ослын улмаас нас барсныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын байгууллага (OSHA)-аас нь мэдээлсэн байна.
Манай улсад үүнтэй холбоотой тодорхой, нарийвчилсан статистик одоогоор үгүй ч цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй осол, гэмтэл ахуйн хүрээнд түгээмэл гардгийг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд хэлж байна. Энэ төрлийн эрсдэлийг бууруулахын тулд хэрэглэгчдийн цахилгааны аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх шаардлагатайг албаны хүмүүс, инженер, техникийн ажилтнууд бишгүй л ярьдаг. Ийм хэрэгцээ шаардлага мэдээж бий. Гэхдээ нөгөө талдаа энэ чиглэлийн тусгайлсан, мэргэжлийн байгууллага буюу цахилгаан үйлдвэрлэх, түгээх, дамжуулах компаниудыг ч хариуцлагажуулах, чиг үүргийг нь илүү тодорхой болгох шаардлагатай. Одоогийн нөхцөлд бол манай улсад хэрэглэгчийн өмнө хэрэглэгч өөрөө л хариуцлага хүлээдэг хатуу гэмээр тогтолцоо үйлчилж байна.
Гэр болон ажлын байранд цахилгааны гэмтэл гарахад мэргэжлийн байгууллагаас шуурхай тусламж, үйлчилгээ авах, байр сууц, барилга, байгууламжид цахилгааны ил, далд холболт, угсралт (монтаж)-ыг мэргэжлийн хүмүүсээр чанар, аюулгүй байдлын өндөр түвшинд гүйцэтгүүлэх боломж нөхцөл ч Монголд хязгаарлагдмал байсаар. Иргэд хожмын эрсдэл, аюулгүй байдлаа бодоод энэ бүхнийг аль болох мэргэжлийн байгууллагынхнаар хийлгэхийг зорьдог ч нөгөөдүүл нь “хөдөлдөггүй” аж. Орон сууцын айлууд бол нийтлэгээрээ СӨХ, контортоо ханддаг. Худалдаа, үйлчилгээний томоохон байгууламж, орон сууцууд цахилгаан, дулаан хангамжид нэгдсэн байдлаар холбогдсон байдаг учир мэргэжлийн цахилгаанчин, сантехникч тогтмол ажиллуулах ерөнхий шаардлагыг саяхныг хүртэл тавьдаг байсан ч өдгөө энэ зохицуулалт нь хүчин төгөлдөр бус болжээ. Үүнээс үүдээд аж ахуйн нэгж, байгууллагууд, орон сууцын конторууд гэрээт цахилгаанчин алдаг оног ажиллуулах, эсвэл зөвхөн холбон зуучлагчийн үүрэг гүйцэтгэх болж. Гэр хорооллын айл өрхүүд, орон нутгийн иргэд голдуу харьяа дүүрэг, хороо, багийнхаа эрчим хүчний асуудал хариуцсан, хэрэглэгчдэд үйлчлэх байгууллагад хандах, эсвэл мэргэжлийн гэх тодотголтой ч албан ёсны үнэмлэхгүй, “сайн дурынхан”-аар цахилгаантай холбоотой ажил хийлгэх тохиолдол түгээмэл байна. Тодруулбал, цахилгааны дотоод холболт, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүд заавал мэргэжлийн хүнээр хийлгэнэ, аюулгүй байдлыг нь ийм байгууллага хариуцна гэсэн хатуу зохицуулалт, түүнд тавих хяналт Монголд одоогоор алга.
Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8-д “Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцна” гэсэн заалт байдаг. Энэ нь цахилгаантай холбоотой аливаа харилцааг зохицуулахад “алтан дүрэм” болдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны Хэрэглэгч, орон нутаг, хяналтын асуудал хариуцсан газрынхан хэллээ. Тус газрын мэргэжилтэн “Цахилгааны холболт, засвар үйлчилгээг хэнээр хийлгэх вэ гэдгээ хэрэглэгч өөрөө шийднэ. Ийм хууль үйлчилдэг. Орон сууцын айлуудын цахилгаан хангамжийн дотоод аюулгүй байдлыг ихэнхдээ контор нь хариуцдаг. Аж ахуйн нэгжүүд цахилгаанаар хангагч байгууллагатайгаа зөвшилцөж чадвал энэ төрлийн үйлчилгээ авах боломжтой. Түгээх, дамжуулах компаниуд ачаалал, хүн хүчний нөөц зэргээсээ хамаараад хэрэглэгчдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлдэг” гэсэн юм. Харин “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хэрэглэгчийн дуудлагын төвийн мэргэжилтэн “Гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын гаднах цахилгаан хангамжийн аюулгүй байдалд манай инженерүүд хяналт тавьдаг. Үүний хүрээнд тодорхой хугацааны давтамжтайгаар ашиглалт, аюулгүй байдлын хяналт шалгалтыг зохион байгуулсаар ирсэн. Харин дотоод холболт, угсралт, тоног төхөөрөмжийн ажиллагаа, аюулгүй байдлыг хэрэглэгч өөрөө хариуцах зохицуулалттай” хэмээв. Тус компаниас хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн “Цахилгаан хэрэглэгч” хэмээх аппликэйшнд “Дуудлага үүсгэх” тусгай цэс бий гэнэ. Хэрэглэгч үүгээр дамжуулан цахилгааны гэмтэл, тоолуурын заалт баталгаажуулахтай холбоотой мэдээллийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-д хүргүүлж, мэргэжлийн цахилгаанчин “захиалж” болох нь. Гэхдээ энэ нь үйлчлүүлэгчийн санал гомдол, хүсэлтийг тэр даруйд шийдвэрлэх боломжгүй, тодорхой хугацаанд хүлээлт үүсгэдэг, мөн зөвхөн үүссэн гэмтэл доголдлыг засдаг онцлогтой. Үйлчилгээний хөлсийг нь тухайн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглээний төлбөрт нэмж тооцдог аж.
Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэдээллийн ажилтан “Манай байгууллага түгээх гурав, хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвөөр дамжуулан нийслэл дэх 1900 гаруй орон сууц, 10 453 аж ахуйн нэгжийг цахилгаан, дулаан, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангадаг. Мөн эдгээрийн цахилгааны аюулгүй байдал, засвар үйлчилгээг бүрэн хариуцдаг. Цахилгаан дамжуулах, түгээх компаниудын хувийн конторуудтай байгуулсан гэрээний онцлогоос шалтгаалаад зарим нь цахилгаанчин ажиллуулдаг, ихэнхэд нь ийм орон тоо байдаггүй” гэсэн юм.
Та хувийн сууц бариуллаа гэж бодъё. Үүнийхээ цахилгааны гадаад, дотоод холболтыг буух эзэн, буцах хаягтай мэргэжлийн байгууллагынхнаар чанартай хийлгүүлэхээр хандлаа хэмээн төсөөлье. Энэ тохиолдолд тус байгууллагынхан гаднах шугам сүлжээг тань холбож өгөөд, доторхыг нь хийхээс татгалзах боломжтой гэсэн үг. “Манай хариуцах ажил биш” гэж өөрсдөөсөө холдуулах магадлал тун өндөр. Ингээд танд цахилгаан түгээх, дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компанид хандах, эсвэл дуудлагын, гэрээт цахилгаанчин “захиалах” сонголт үлдэнэ. Цахилгааны мэдлэг, туршлагатай, ийм ажил төвөггүй хийчихдэг гэж өөрийгөө тоосон “сайн дурынхан”-д хандах хувилбар ч бий. Гэхдээ энэ нь дэндүү эрсдэлтэй. Харин орон сууцдаа цахилгааны холболт, засвар, үйлчилгээ хийлгэх бол төрийн байгууллагынханд хандаад бараг л нэмэргүй. Тэд таныг орон сууцын контор, эсвэл дуудлагын цахилгаанчинд хандахыг зөвлөнө. Аз болж байр тань Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа контортой бол мэргэжлийн хүн ирж тусламж, үйлчилгээ үзүүлэх байх. Тийм биш л бол мөн л цахилгаанчны эрэлд гарах хэрэгцээ үүснэ. Үндсэндээ барилга, байгууламжийн дотоод цахилгааны холболт, угсралт, засвар үйлчилгээний ажил эзэнгүй, хяналтгүй, хэн чадамжтай, боломжтой нь илүү төлбөр төлж үйлчилгээ авах давуу эрх эдэлдэг нөхцөлтэй байна. Гэр хорооллын айлууд, иргэд бүгд дуудлагын цахилгаанчин авчрах, хувийн компанид хандах боломжгүй. Тэгэхээр аюулгүй байдал нь ч эрс тэс гэсэн үг.
“Алтай” хотхоны 50в байрыг хариуцсан “Пьюр хаус” конторынхон “Манайх гэрээт цахилгаанчинтай, даваа, лхагва, баасан гарагт дуудлагын дагуу үйлчилгээ үзүүлдэг” гэлээ. Харин “Алтаргана” хотхоны оршин суугч “Манайхыг хариуцсан конторт цахилгааны мэргэжилтэн байдаг ч ачаалал ихтэй, бидэнд олддоггүй. Дандаа хувь хүнээр цахилгааны ажлуудаа хийлгэж байсан” гэв. Орон сууцын конторууд мэргэжлийн цахилгаанчин ажиллуулдаг гэх ч үнэндээ өнөөх хүн нь олддоггүй аж. Иймд хэрэглэгчид арга буюу дуудлагын мэргэжилтэнд хандахад хүрдэг байна. Тэр нь үнэхээр мэргэжлийн хүн үү, үнэмлэх нь чанартай, аюулгүй ажлын баталгаа болох уу гэдэг нь эргэлзээтэй. МСҮТ-үүдээс эхлээд хувийн, жижиг сургалтын газрууд хүртэл 14 хоногоос нэг жилийн хугацаанд мэргэжлийн зэрэгтэй цахилгаанчин бэлтгэдэг юм билээ. Одоогийн нөхцөл байдлаас харахад дотоод орчин дахь цахилгааны аюулгүй байдлыг хангах ажилд хувь хүмүүс, хувийн хэвшлийнхэн “тоглолт хийх” боломж нөхцөл илүү байна. Төрийн байгууллагууд нь “Бид ачааллаа дийлдэггүй, зөвхөн гаднах шугам сүлжээгээ л хариуцна” хэмээн хариуцлагаас бултах хандлагатай. Магадгүй энэ зах зээлд хувийн хэвшилд ийм боломж олгох нь төрийн байгууллагынханд өөрсдөд нь ямар нэгэн байдлаар ашигтай байж ч болох юм.
Н.Мишээл