Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэнг нээгээд байна. Ирэх сарын 7 хүртэл олны хүртээл болгох эл үзэсгэлэнд XVIII-XX зууны үеийн дүрслэх урлагийн олон төрлөөр урласан Занабазарын хийц болон дэг сургуулийн бүтээлүүдийг багтаажээ. Тухайлбал, шүтээн, барлах урлаг, цамын баг зэрэг монголчуудын урлахуйн ухааныг шингээсэн, дахин давтагдашгүй дүрслэлтэй, үе үеийн шилдэг урлаачдын 200 орчим бүтээлийг олон нийтэд толилуулж буй юм. Мөн тус музейн сан хөмрөгөөс урьд нь төдийлөн дэлгэж байгаагүй хосгүй үнэт, ховор нандин үзмэрүүдийг олны хүртээл болгосноороо онцлогтой аж. Эдгээрээр дамжуулан түүх, соёлын өв, урлагийн түүхийг олон нийт, хүүхэд залууст сурталчлан таниулах зорилготойг Дүрслэх урлагийн музейнхэн тодотгосон.
Тухайлбал, Өндөр гэгээн Занабазарын хийц, дэг сургуулийн бүтээлүүдээс гадна Энэтхэгийн 84 шидтэний үлгэрийг олны хүртээл болгосон гэнэ. VIII-XII зуунд амьдарч байсан, билиг оюун ухаан, бясалгалын өндөр түвшинд хүрч, шид бүтээлийг олсон 84 шидтэний намтрыг харуулсан цуврал зургаас нийт 38 нь тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй юм байна. Мөн Сэндомын баг, Жанрайсиг, Аюуш, цутгамал болон баримал бурхад зэргийг уг үзэсгэлэнгээс үзэх боломжтой.
У.СҮРЭН