-ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт хоногт 250-300 хүүхэд үзүүлж байна-
Ханиад, томууны өвчлөл газар авч, эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн нь иргэд бидний буруу юм байх. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Ханиад, томуунаас сэргийлэх арга хэмжээг бид энэ жил өмнөхөөсөө илүү хэрэгжүүлсэн. Гэтэл ард иргэдийн хариуцлага, эрүүл мэндийн боловсрол тааруу байна” гэж ярьжээ. Бид өөрсдийн буруугаас ханиад, томуу хүрч, эрүүл мэндийн салбарынханд дарамт үүсгээд буй бололтой. Үүнд дарга нар буруугүй, Улаанбаатарын утаа бүр ямар ч хамаагүй болж таарч байна, сайд Т.Мөнхсайханыхаар бол.
Нийслэлийн агаарын бохирдол элэгний хавдрын шинэ мутац бий болгож байгаа талаар Хавдар судлалын үндэсний төвийнхөн бараг хоёр жилийн өмнөөс л ярьсан. Гэтэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан саяхан үүнийг эрс үгүйсгэж, хотын агаарын бохирдол хавдар үүсгэдэггүй гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргээд байна. “Утаанаас болж үүсдэг мутац гэж хаана ч байхгүй. Үүнийг нотолсон шинжлэх ухаан алга” хэмээснээрээ тэрбээр нэг талаас мэргэжлийн эмч, судлаачдын нотолгоог үгүйсгэж, нөгөө талаараа Улаанбаатарын утааг өмөөрөн, ямар нэгэн хоргүй гэж хэлээд байгаа бус уу. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхний хийсэн судалгаагаар Монгол Улсад агаарын бохирдлын нөлөөгөөр жил бүр 7139 хүн нас барж, 4.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байгааг тогтоосныг ядаж олж уншаасай.
Ийнхүү хэлсэн ярьсандаа “ороогдож”, олны шүүмжлэлд өртсөн тэрбээр бодит нөхцөл байдалтай эвлэрэхээс өөр аргагүйд хүрсэн бололтой, Эрүүл мэндийн яамныхнаараа өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгүүлж, ханиад, томуу бараг гамшгийн хэмжээнд хүрчихсэн талаар яриулав. Улаанбаатарын иргэдийн өвчлөл, агаарын бохирдол ч эрүүл мэндийн салбарынхныг дуугүй сууж болохгүйг нь анхааруулсаар байгаа билээ.
Учир нь бага насны хүүхдүүдэд хүнд хэлбэрийн хатгаа үүсгэдэг синцитиаль, томууны А хүрээний H1N1 вирус өргөн хүрээнд тархаж, “Ковид-19” ч илрэх болсон аж. Үүний улмаас хүүхдийн хамгийн том эмнэлэг болох Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн (ЭХЭМҮТ) эмч нарын ачаалал эрс ихэсжээ. Тус төвийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандагсдын тоо орой ажил тарах үеэс эхлэн нэмэгдэж, шөнийн турш хүний хөл тасардаггүй бөгөөд хоногт 250-300 хүүхэд ирж байгаа гэнэ. Үүний улмаас нэг эмч өдөрт 50-иас олон хүүхдэд үзлэг хийхэд хүрсэн аж. Уг нь стандартаараа бол нэг эмч өдөрт 30-35 хүнд үйлчлэх ёстой юм байна.
Томуу, томуу төст өвчний дэгдэлт өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 10 хувиар илүү байгааг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр өчигдөр мэдээлсэн. Ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүд илүү хүнд өвчилж буй аж. Амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 72 хувь нь хүүхэд гэнэ. Өвчлөл яагаад ихсэв, үүнд агаарын бохирдол нөлөөлсөн үү гэдгийг иргэд тус яамныхнаас нэлээд асуух болсон гэнэ. Гэвч эл асуултад Л.Баттөр тодорхой хариулт өгч чадсангүй, утаа нөлөөлсөн ч юм шиг, эсвэл үгүй ч юм шигээр бөөрөнхийлж, агаарын бохирдолтой холбоотой танин мэдэхүйн мэдээллээр олны амыг таглав. Түүгээр зогсохгүй “Шахмал түлш хэрэглэснээс хойш агаарын бохирдуулагч гол элемент болох PM2.5 тоосонцрын хэмжээ буурсан гэх эерэг үзүүлэлт бий” гэж дэмийрсэн нь сайдынх нь өгсөн үүрэг чиглэл байх магадлалтай. Учир нь Т.Мөнхсайхан өөрийнхөө нэрийг цэвэр байлгах, элдэв асуудал гаргасан тохиолдолд түүнийгээ сайдаас “холуур байлгах” үүргийг харьяа байгууллагынхан, эмч, мэргэжилтнүүддээ өгдөг юм гэсэн.
Эрүүл мэндийн салбарынхан ийнхүү учраа олохгүй мунгинаж байхад нийслэлийн удирдлагууд нь татвар төлөгчдийн 28.3 тэрбум төгрөгөөр 32 000 зуух худалдан аваад, гэр хорооллын айлуудад тараах тендер зарласан. Агаарын бохирдлын эсрэг өөр ямар ч шийдэл тэдэнд одоогоор байхгүй. Техник, технологи, хиймэл оюун ухааны эрин үед зуух, түлштэй ноцолдож суухаасаа ядаж ичдэг дарга ч манайд алга. Тэгсэн атлаа нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нь “2028 онд агаарын бохирдол 50 хувь буурахаар харагдаж байгаа” хэмээн “ширэн нүүрлэсэн” юм. Тэр болтол Улаанбаатарт эрүүл хүн үлдэхгүй л байх.
М.ОЧ