Нийслэлд энэ сарын 10, 11-нд арав гаруй байршилд цахилгаан гэнэт тасарч, хэрэглэгчдийг бухимдуулав. Ялангуяа уржигдар орой хотын төвийн хэсэгт эрчим хүч тасарсны улмаас айл өрхүүд 1-2 цаг цахилгаангүй болж, авто замын гэрлэн дохионууд ажиллахаа больж, троллейбуснууд зогссон. Улмаар хотын замын хөдөлгөөн 2-4 цаг гацав. Шадар сайд Т.Доржханд “Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох боломжтой” хэмээн ярьсны орой нь ийм үйл явдал болсонд иргэд, олон нийт ихэд дургүйцсэн билээ.
Эрчим хүч юунаас болж доголдсон талаар УБЦТС ТӨХК-ийнхан өчигдөр мэдэгдэл гаргав. Тэд “Хэрэглээний ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалт хийдэг. Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр (уржигдар) 16.30-22.10 цагт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалт хийсэн. Үүнд УБЦТС компанийн 125 фидер хамрагдлаа. Эдгээр фидерээс цахилгаанаар хангагддаг 13 244 аж ахуйн нэгж, 206 348 айл өрх, нийт 219 592 хэрэглэгч 1-2 цагийн хугацаанд хэрэглээ нь хязгаарлагдсан.
Хязгаарлагдсан цахилгааны хэмжээ 265 МВт. Ийм хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийдэг учраас УБЦТС ТӨХК-иас хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье. Цахилгааны хязгаарлалтыг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан өвлийн туршид их, бага хэмжээгээр үргэлжлүүлэх төлөвтэй байна. Иймд хэрэглэгчид оргил ачааллын (17.00-22.00 цагт) үеэр цахилгаанаа тохируулан, хэмнэлттэй хэрэглэхийг зөвлөе” гэлээ. Өчигдөр 16.00 цагийн үед “Улаанбаатар төмөр зам” орчимд цахилгаан хязгаарласан байв.