Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрынхан аюултай хог хаягдал үүсгэгч болон дахин боловсруулах чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийн 111 байгууламжид энэ онд хяналт шалгалт хийснээ танилцуулав. Байгаль орчны хяналтын байцаагчид шалгалтын явцад 171 зөрчил илрүүлж, 39 хувийг нь арилгуулан, хууль зөрчсөн аж ахуйн нэгжид 128 сая төгрөгийн торгууль, 1.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна. Мөн хууль, журам зөрчсөн гурван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Ташрамд дурдахад, дээрх яамнаас аймаг, нийслэл, сум, дүүргийн улсын байцаагчдыг чадавхжуулах цахим сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар мэдлэг, чадвар олгожээ.
Н.Мишээл