Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж байгуулж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Үүний эхлэл болгож, Улаанбаатар хотод ажлын байр, хөдөлмөр зуучийн иж бүрэн дөрвөн төв нээж, ашиглалтад оруулсныг салбарын яамнаас мэдээллээ. “Job center” төвийг уламжлалт биржүүдээс ялгаатайгаар, гэр бүлүүдэд, хүүхдээ асардаг ээжүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэхчлэн үйл ажиллагааг нь төрөлжүүлэн чиглүүлснээрээ онцлог. Гэхдээ хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрд дээрх төвүүд нээлттэй үйлчлэх гэнэ.
“Job center”-ийг одоогоор Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүрэгт байгуулжээ. Иргэд өөрт ойр салбараар үйлчлүүлснээр ажил, мэргэжлийн чиг баримжаагаа олох, ур чадварын үнэлгээ хийлгэх, зөвлөгөө авах, ажил хайх, зуучлуулах, хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн үеийн болон салбарт хэрэгжүүлж буй хууль тогтоомж, дүрэм журмын талаарх мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжтой.
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд нийт ийм 19 төв байгуулах аж. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Манай улс ажиллах хүчний хомсдолтой, тэгсэн хэрнээ ажилгүйдэл, ядуурал ихтэй. Энэ нь боловсон хүчин бэлтгэх тогтолцооны гажуудал бий болсны, хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн бодлого алдагдсаны наад захын жишээ. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд суурилсан бодлого хэрэгжүүлэх, хэрэгжилтийн чанар, хүртээмжийг сайжруулахын тулд үүнтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг эхний ээлжид шинэчлэх шаардлагатай” гэсэн юм.
О.УНДРАХ