- Хотондоо үлдсэн 30 гаруй мянган багачуудаа яах вэ -
Жишээ 1.
“Би дөрвөн хүүхэдтэй, малчин эмэгтэй. Хоёр хүүхэд минь сумынхаа сургуульд сурдаг. Харин бага хүүгээ цэцэрлэгт хамруулж чадаагүй. Ах нь өнгөрсөн намар таван нас хүрсэн учраас яах аргагүй цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт явуулсан. Хүүхдээ цэцэрлэгт нь өглөө хүргэж өгөөд, орой нь буцааж авна гэдэг малчин бидэнд үнэхээр хүндрэлтэй. Хол газраас зөөх боломжгүй шүү дээ. Дээрээс нь цэцэрлэгтээ хэдхэн хоног яваад л ханиад хүрээд ирдэг. Цаг агаарын хүнд нөхцөлд ч цэцэрлэг олон хоногоор чөлөө өгдөггүй. Манай сумд сургуулийн дотуур байр бий, 10 нас хүрсэн ах, эгчтэйгээ хамт амьдрах боломжтой гэдэг. Яаж гурав болон таван настай хүүхдээ ах, эгчид нь даатгах билээ. Нөхөр маань малаа хараад гэрээ сахиж үлдсэн. Харин би хүүхдүүдээ сургууль, соёл бараадуулахаар сумын төвд төвхнөлөө. Хүү минь таван нас хүрээд цэцэрлэгт ороход үеийнхнээсээ хоцрогдсон байсан. Сэтгэн бодох, биеэ даах, нийгэмших тал дээр багаасаа цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд илүү юм билээ. Хүү минь найзгүй, ангидаа чимээгүй л суудаг байв. Харин одооноос бусадтай нээлттэй харилцаж, багштайгаа мэндэлж сурсан” хэмээн Хэнтий аймгийн иргэн У ярьсан юм.
Тэднийх сумын төвөөсөө 20 гаруй км-т нутагладаг ажээ. Түүн шиг хүүхдээ цэцэрлэгт явуулж, хөгжүүлж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг ч ойр хавьд нь цэцэрлэггүй, хол газраас зөөж хүчирдэггүй малчин олон. Хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэхийн тулд гэр бүлийнхэн хоёр тусдаа амьдарч, сэтгэл зүй болон эдийн засгийн хямралд өртсөөр байна.
Жишээ 2.
“...Манай сумын хэмжээнд 2-5 насны 830 хүүхэд байдаг. Гэсэн ч бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулж чаддаггүй. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд явуулын багш ажиллуулдаг. Өвлийн улиралд хүүхдүүдийн ирц 50-иас илүү гардаггүй...” гэж нэгэн сумын цэцэрлэгийн эрхлэгч ярьсныг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ийн 2024 оны тайланд дурджээ.
Монгол Улс хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулж байна гэдэг ч бодит байдалд эсрэгээрээ. Боловсрол дахь тэгш бус байдал улам гаарсаар. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь төсвийн тэгш бус хуваарилалт гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тухайлбал, “Бүх нийтийн боловсролын төлөө” эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг “Монгол Улс төсвийн орлогынхоо 20-иос доошгүй, ДНБ-ий зургаагаас багагүй хувийг боловсролд зарцуулна гэж олон улсад амласан. Гэтэл сүүлийн 20 жилд энэ амлалтдаа хоёрхон удаа хүрэв. Боловсролд зарцуулах төсөв зөвхөн сонгуулийн жилд огцом нэмэгдээд, бусад үед нь буурчихдаг гаж үзэгдэл тогтжээ. Ядаж сүүлийн 10 жилд төсвийн орлогын 20 хувийг боловсролын салбарт тогтмол зарцуулсан бол нөхцөл байдал өөр байх байлаа” гэж ярьсан юм. Боловсролын салбарын санхүүжилтийг чинээлэг хэсэгт бус, малчин, бага орлоготой өрхийн, хөгжлийн бэрхшээлтэй, үндэсний цөөнх, эрх нь зөрчигдсөн, асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн сурах эрхийг хангахад зориулсан бол тэгш бус байдлын хүрээг хумьж мэдэх байв.
Монгол 2023 оны байдлаар боловсролын индексээр 189 улсаас 103 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Гэтэл малчин өрхийн 30 мянга гаруй багачууд эл эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ тухайд Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар “Улсын хэмжээнд 189.3 мянган малчин өрх амьдарч байгаа. Тэдний хүүхдүүдийн 52.7 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй. Өөрөөр хэлбэл, малчин айлын 3-5 насны 63 847 хүүхэд байгаагийн 33 657 нь цэцэрлэгт хамрагддаг. Ирэх жилээс малчин өрхийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт, хүртээмжид зайлшгүй анхаарах шаардлагатай. Хүүхдийг хөгжүүлэхийн тулд эцэг, эхийг нь чадавхжуулах нь чухал” хэмээсэн. Малчдын хөдөлмөр маш хүнд гэдгийг бүгд мэддэг. Хэдэн малынхаа хойноос өглөөнөөс үдшийн бүрий болтол амсхийх завгүй хөдөлмөрлөдөг. Аль заваараа хүүхдийнхээ боловсролд анхаарч амжих вэ. Малчдыг цэцэрлэгийн багшаар “ажиллуулна” гэвэл үүн шиг үлгэр үгүй биз. Үүний оронд явуулын багшийн хүртээмжийг нэмэх, орон нутгийн цэцэрлэгийн барилгыг засах, багш нарын ажиллах нөхцөлийг сайжруулах нь нэн тэргүүний ажил баймаар. Малчин өрхийн хүүхдүүдийг боловсролд хамруулахад төр засгаас дорвитой, хөрсөндөө буусан ажил хийлгүй өдий хүрсний горыг багачууд амсаж буй нь харамсалтай.
Хоёр, эсвэл таван наснаасаа цэцэрлэгт хамрагдах нь ялгаатай
0-5 нас бол хүүхдийн төлөвших хамгийн чухал үе гэж үздэг. Хэлд орж, бусадтай харилцаж сурах үеэс эхлэн таван нас хүрэхэд ирээдүйн төлөвшлийн суурь хэдийн “бэхэждэг”. Гэтэл малчин өрхийн олон мянган хүүхэд сургуульд бэлтгэгдэж чадахгүй нэгдүгээр ангидаа элсэх нь. Зарим нь бүр сургуульд ч орж чадахгүй нөхцөлд амьдарч байна. Ялангуяа туслах малчдын хүүхдүүдийн сурч боловсрох эрх хамгийн ихээр зөрчигдөж буйг хүний эрхийн мэргэжилтнүүд хэлсэн. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь ядуу өрхийнх гэдгийг ХЭҮК-оос мэдээлсэн билээ. Гэтэл үеийнх нь жаалууд хэдийн уншиж, бичиж, бодож сурсан байх нь энүүхэнд. Хэн ч хаана амьдарч буйгаагаас үл шалтгаалан боловсролын үйлчилгээнээс орхигдож болохгүй. Гэвч бодит амьдралд боловсролоос “гээгдсэн” багачууд малчны хотонд олон байна.
“Уулын мухарт, алслагдсан сум, багийн хаана нь хэчнээн хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдсэнийг хэлэхэд бэрх. Бидэнд тийм мэдээлэл байдаггүй. Цэцэрлэгт хамрагдаж буй малчин өрхийн хүүхдийн тоо л бий. Бүх хүүхэд хоёр нас хүрээд цэцэрлэгт хамрагдах ёстой. Гэтэл малчдын хүүхэд ихэвчлэн таван нас хүрч, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Хүүхдийг хоёр, эсвэл таван настайд нь цэцэрлэгт хамруулахад ялгаатай. Нийгэмших, бие бялдар, сэтгэн бодох гээд олон чадвараар хоцрогдох эрсдэлтэй. Түүнчлэн малчдын хүүхдүүд сургуульд хамрагдахад ч асуудал үүсдэг. Зургаан настай хүүхдээ дагаад аав, ээжийнх нь аль нэг сумын төв барааддаг. Балчир хүүхдүүд гэрийнхнээ санах, өлсөх, өвдөхөөс эхлээд асуудал мундахгүй тул асаргаа, халамж зайлшгүй шаардлагатай. Энэ бүхнийг шийдвэрлэхэд боловсролын төсөв нь хүрэлцдэггүй” хэмээн Боловсролын ерөнхий газрын Тэгш бус боловсролын хэлтсийн мэргэжилтэн ярилаа.
Боловсролд тэгш хамруулах нэгдсэн төлөвлөгөө шаардлагатай
ХЭҮК-ын 23 дахь илтгэлээс харвал орон нутагт хамран сургах тойргийн хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт нийслэлээс 16.6 хувиар доогуур байгаа юм. Малчид малаа орхих боломжгүйгээс цэцэрлэгт хүүхдээ зөөж чаддаггүй, аймаг, сумын төвийн айлд суулгахад нас хэтэрхий бага зэрэг бодит нөхцөл байдлаас шалтгаалж буйг тус тайланд дурджээ. Тэр ч бүү хэл, өвлийн хувцасгүйгээс болж цэцэрлэгт явж чаддаггүй хүүхдүүд ч бий аж. Орон нутагт “орхигдсон” хүүхдүүд байсаар л. Тиймээс цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн талаар судалгаа хийж, улсын хэмжээнд бүртгэлийн сантай болох, эцэг, эхийн хайхрамжгүй байдал болон хамран сургах тойрогт амьдарч буй албан ёсны бүртгэлгүй, бичиг баримтгүй, эсвэл шилжин ирсэн багачуудыг цэцэрлэгт хамруулах эрх зүйн оновчтой зохицуулалт бий болгох, боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах талаар нэгдсэн төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатайг ХЭҮК-ын илтгэлд онцолжээ.
Хүн амын багагүй хувийг эзэлж буй малчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхгүйгээр ор тас орхиж болохгүй. Тиймээс салбарын яамнаас хувилбарт сургалт (оршин суудаг газар болон хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгийн үндсэн бүлгийн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй хүүхдүүдэд хамаатай)-ыг туршиж эхэлсэн. Цэцэрлэгийн багш нар зуны гурван сард 7-14 хоног л боловсролын үйлчилгээ үзүүлээд дараагийн айл руу “нүүдэг” байна. Тиймээс үр дүн гардаг, эсэх нь эргэлзээтэй. Яаж ч бодсон ийм богино хугацаанд хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх боломжгүй. Нэрийн төдий л ажил юм. НҮБ-ын сурч боловсрох эрхийн тусгай илтгэгч Катерина Томашевский боловсрол ба хүний эрхийн уялдаа холбоог дөрвөн А буюу “хүрэлцээтэй, хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, нийцэн зохицох” гэсэн хэмжүүрээр тодорхойлно гэж үзсэн билээ. Манай улс эдгээр хэмжүүрт тэнцэх үү. Цэцэрлэг, сургууль болон сургалт, материаллаг нөөц хэрэв хангалттай байсан бол малчны хотонд ч боловсролын үйлчилгээ тасрахгүй биз. Дэлхий нийтээр дайн дажинтай үед ч боловсролыг цалгардуулахгүй, эрхэмлэж ирсэн байдаг. Харин манайд, энхийн цагт малчдын хүүхдүүд боловсролын гадна үлдсэн хэвээр.