Шинэ жилийн баярын амралтын үеэр нийслэлийн утаанаас зугтаж, цэвэр агаарт жаахан ч гэсэн хугацааг өнгөрөөх хүсэлтэй хүн цөөнгүй байгаа биз ээ. Тиймээс хотын ойролцоо, цэвэр агаартай, шинэ оноо угтах боломжтой ямар газрууд байгаа талаарх мэдээллийг хүргэе. Утаанаас зугтахад хоногт багадаа 100-300 мянган төгрөг хэрэгтэй юм байна.
Тухайлбал, Налайх дүүрэгт байрлах “Домогт мэлхий хад” амралтын газарт гэр бүлээрээ байрлаж болох нь. Үүний тулд гэр, эсвэл жижиг сууцад хоногийн 90 мянган төгрөг төлөх ёстой. Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Цагаан өргөө” амралтын газрын дөрвөн хүний багтаамжтай өрөө нь хоногийн 200 000 төгрөгийн төлбөртэй. Эл амралтын газар нь Улаанбаатар хотоос 24 км-ийн зайтай аж. Хотоос холгүйхэн байрладаг ч уг газар нь цэвэр агаартай гэдгээрээ онцлогтой.
“Баян-Уул” амралтын газарт мөн гэр бүлээрээ шинэ оноо угтах боломжтой. Тохитой, дулаахан байшинд өрөө захиалахад хоногийн 350 000 төгрөгийн үнэтэй. Эл амралтын газар нь нийслэлээс 14 км-ийн зайтай ч агаар цэвэр бүсэд буюу ойн захад байрладаг гэнэ. Нэг ээлждээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Налайх дүүрэгт байрлах “Бяцхан амралт” гэр бүлийн амралтын газрыг бас санал болгоё. Уг амралтын газар нь гэр бүлээрээ зочлох боломжийг голлон бүрдүүлжээ. Гэр бүлийн байр нь хоногийн 180 000 төгрөгийн төлбөртэй юм байна. Дээрх амралтын газрууд шинэ жилийн баярын өдрүүдэд захиалга ихтэй байгаагаа хэлсэн. Эдгээр газрын дэлгэрэнгүй мэдээллийг ihotel.mn сайтаас авах боломжтой агаад захиалга өгч ч болно.
Сувилалд амрахаар төлөвлөсөн хүмүүст нийслэлтэй ойр байрлах газруудын үнийн мэдээллээс танилцуулъя. “Төгөл” сувилалд нэг хүн хоногийн 70 000 төгрөгөөр үйлчлүүлнэ. “Шаргалжуут” рашаан сувилалд гэр бүлээрээ нэг хоног амрахад 174 000 төгрөгийн төлбөртэй. Тус сувилалд хоёр хүний өрөө 44 000, 3-6 ортой бол нэг хүний 15 000 төгрөг. “Замтын булаг” амралт, сувиллын газраар үйлчлүүлэхэд 11 хүртэлх насныхан хоногийн 35 000-55 000, насанд хүрэгчид 65 000-118 000 төгрөгийн төлбөртэй. Мөн “Мойлтын тохой” амралт, сувилалд 16 хүртэлх насныхан хоногийн 50 000-150 000, насанд хүрэгчид 175 000 төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой гэнэ. “Хос шинэс” сувилалд нэг хүн хоногийн 65 000-110 000 төгрөгөөр амарч болох аж.
А.Үүлэн