Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд Хан-Уул дүүрэг дэх “Сутай” хотхонд гал гарсны улмаас 2-10 насны дөрвөн хүүхэд, 27-40 насны таван хүн амиа алдсан юм. Тэдний нэг нь гал түймрийг унтраахаар ажиллаж байсан аврагч залуу байв. Гал гарсан шалтгаан нь гацуур модны цахилгааны эх үүсвэрээс болсныг цагдаагийн байгууллагынхан хэлдэг.
Гацуур модны чанар, цахилгааны хүчин чадал зэргээс болж гал гарах эрсдэлтэй тул шинэ жилийн баяр дөхөж буй энэ өдрүүдэд анхаарал, болгоомжтой байхыг ОБЕГ-аас санууллаа. Өөрөөр хэлбэл, айлууд шинэ жилийн гацуураа засахдаа галын аюулгүй байдлыг сахих нь хамгийн чухал юм. Үүний тулд сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, гэрлийг нь байнга асаахгүй, гацуур болон тоглоом чимэглэлийг тогтвортой байршуулах, бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөв. Мөн гацуур модыг зурагт, халаагуур, зуух, залгуурын дэргэд байршуулахгүй, хана, тааз, шалтай ойрхон угсрахгүй байх нь галын аюулаас сэргийлэх нэг арга гэнэ.
Ч.БОЛОР