Монгол, Польш улсын археологичид хамтран манай орны нутгаас эртний хүний олдвор илрүүлсэн талаараа өчигдөр мэдээлэв. Манай улсын Шинжлэх ухааны академийн болон Польшийн Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэнгийнхэн хамтран 2014 оноос хойш Өмнөговь аймгийн Булган, Сэврэй, Өвөрхангайн Богд сумын нутгийн заагт оршдог Цахиуртын хөндийн дурсгалт газарт судалгаа хийж буй юм байна. Тэд энэ онд Цахиуртын хөндийг тойрсон Арц Богдын нурууны уулархаг бүсээс томоохон дурсгалт газруудыг илрүүлсэн аж. Тэдгээр газраас цахиур, ногоон өнгийн кварцит, улаавтар хаш болон бусад төрлийн чулуугаар хийсэн олон зэвсэг олжээ.
Мөн шинжлэх ухаанд өмнө нь огт тэмдэглэгдэж байгаагүй, шохойн чулуун хурдас бүхий гурван агуйг илрүүлж, Хөтөл усны агуй хэмээн нэрлэсэн гэнэ. Одоогоор хамгийн том агуйн 3.2 метрийн гүнд малтлага хийж, чулуун зэвсэг, амьтны ясны үлдэгдэл, ясан чимэглэл зэргийг олсон байна. Тэдгээр нь монгол бөхөн, аргаль, тэмээ, зэрлэг илжиг зэргийн яс болохыг тогтоосон аж. Мөн 25 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хүний шүд илрүүлжээ. Уг олдвор нь мөстлөгийн үед Монгол Алтайн нуруунд амьдарч байсан хүмүүсийн гарал үүслийг тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ нь Монгол нутгаас олдсон, плейстоцений буюу мөстлөгийн үеийн хүний хоёр дахь дурсгал билээ. Өмнө нь Хэнтий аймгийн нутгаас эртний хүний гавлын ясны оройн хэсгийг илрүүлж байв. Монгол, Польш улсын археологичид Цахиурын хөндийг цаашид үргэлжлүүлэн судлах аж.