Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Үл хөдлөх хөрөнгийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” гэж заасныг эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцэд хандах болсон талаараа хуульч О.Батхүү өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Монгол Улсын иргэд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулах эрхгүй болсон. Жишээ нь, та 150 сая төгрөгөөр худалдаж авсан хоёр өрөө байрныхаа үнийг хямдруулж, 120-130 сая төгрөгөөр заръя гэхэд нэр шилжүүлэхгүй байх нь. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн албаныхан худалдан борлуулах гэрээг хүлээн авч бүртгэхгүй гэсэн үг. Хуулийн энэ агуулга иргэд төдийгүй аж ахуйн нэгж, байгууллагад хүндээр тусаж байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт гурилын үйлдвэрийн захиралд яаралтай мөнгөний хэрэг гарч, үнийг нь бууруулаад зарах гэтэл нэр шилжүүлэхгүй, бүртгэж авахгүй гэжээ.
1992 оны Үндсэн хуулиар олгосон Монгол Улсын иргэн өмч хөрөнгөтэй байх, захиран зарцуулах эрхийг төр засаг булааж авсан. Шүүхийн шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулдаг. Эхний дуудлага худалдаагаар зарагдахгүй бол дараагийнханд үнийг нь бууруулдаг. Гэтэл үнэ бууруулж зарсан үл хөдлөхийг нэр шилжүүлэх ямар ч боломжгүй болж байна. Хүн өөрийн өмчийг хэдээр, хэзээ яаж зарах нь үндсэн эрх нь. Гэтэл Засгийн газар, УИХ иргэн эд хөрөнгийнхөө үнийг өөрөө тогтоож болохгүй гэх нөхцөл тулгалаа. Эцсийн зорилго нь татвар авах. Тиймээс Үндсэн хуульд заасан өмчлөх эрхэд халдаж байгаа хуулийг хүчингүй болгохын төлөө би явна. Үндсэн хуулийн цэцэд маргааш (өнөөдөр) мэдээлэл гаргана” гэсэн юм. Мөн тэрбээр хуулийг “хулгайлдаг”, хүмүүст мэдээлэл өгөхгүйгээр баталдаг явдал хэрээс хэтэрснийг дурдсан. Өнгөрсөн онд гэхэд 10 орчим хуулийг дагалдуулж, 100 гаруй хуульд өөрчлөлт оруулжээ. Үүний дотор хүний үндсэн эрхэд халдсан хуулийг олноор “төрүүлсэн” гэв.
Ч.Болор