Монголын хувцас загварын хамгийн том наадам болох “Гоёл-2025”-ын шилдгүүдийг саяхан тодруулсан билээ. 37 дахь жилдээ зохион байгуулсан эл наадмын топ моделиор шалгарсан А.Хулантай ярилцлаа. Тэрбээр Монголын дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгч юм. 22 дахь жилдээ загварын тайзнаа алхсаны үр дүнд Монголын 22 дахь топ модель болжээ. А.Хулан ууланд алхах дуртай, бас цахим орчинд аль болох бага цаг зарцуулахыг хичээдэг нэгэн аж.
-Юуны түрүүнд “Гоёл” наадмын топ моделиор тодорсонд тань баяр хүргэе. Таны олон жилийн хөдөлмөрийн үр дүн загвар өмсөгчдийн хүсэн хүлээдэг топ модель гэх оргилд хүргэжээ. Загварын ертөнцөд анх хэрхэн хөл тавьсан тухайгаа хуваалцахгүй юу?
-Хамгийн анх 2003 онд “Шилмэл загвар” товчооны Д.Цолмон багшийнхаа шавь болж, загварын ертөнцөд хөл тавьж байлаа. Үүний дараа 2005 оноос “Гоёл” наадамд оролцож эхэлсэн юм. Энэ наадмын тайзнаа тасралтгүй 22 жил алхсаны дараа “Гоёл 2025”-ын топ моделиор тодорлоо. Би 2016 онд “Шилдэг загвар өмсөгч” гэх эрхэм хүндтэй шагнал хүртсэн юм. Харин өнөө жил Монголынхоо алдартай загвар өмсөгчдийн залгамж болж 22 дахь топ модель гэх эрхэм хүндтэй цол хүртсэндээ маш их баяртай байна. Шагнал авсан мөч үнэхээр гайхалтай, сайхан. Хэзээ ч мартагдахгүй байх. Итгэл, үнэлэмж, сэтгэл, зүтгэлээр бүтсэн энэхүү алдраа өндөрт өргөж явахыг үргэлж хичээнэ. Энэ бол манай улсын загварын ертөнцийн хамгийн том шагнал шүү дээ. Тэгэхээр үүнийг дагаад хариуцлага ч нэмэгдэж байна.
-Оны шилдгийн шилдэг загвар өмсөгч, топ моделийг алдаршуулах нь “Гоёл” наадмын оргил хэсэг гэдэг. Үүний дараа он, оны шилдгүүд отгон топ моделио хөтлөөд алхдаг уламжлалтай шүү дээ. Тухайн үед танд ямар мэдрэмж төрсөн бол?
-20 гаруй жилийн минь хүч хөдөлмөрийг үнэлсэн мөч байлаа шүү дээ. Яах аргагүй догдлол дүүрэн, гайхалтай сайхан мэдрэмж төрсөн.
-“Гоёл” нь Монголын загварын чиг хандлагыг илэрхийлдэг наадам. Гэтэл сүүлийн үед хүн үзэхээ больсон, зохион байгуулалт тааруу хэмээн шүүмжлүүлэх болж. Та 20 гаруй жил энэ наадмын тайзнаа алхсан туршлагатай хүний хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-“Гоёл” наадам бол Монголын хамгийн том, өндөр зэрэглэлийн загварын шоу. Загвар өмсөгчид, загвар зохион бүтээгч, загварын холбоо, агентлагуудын жилийн хамгийн чухал өдөр нь байдаг. Үзэгчдийн хувьд ч жил бүр хүлээдэг. Энэ жилийн шилдэг загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, топ модель нь хэн байх бол гэж догдолдог наадам. Миний хувьд эл наадам жил ирэх тусам илүү чанаржиж, өндөр түвшнийх болж байгаа гэж хэлнэ. Жишээ нь, энэ удаад 500 гаруй загвар өмсөгч эхний шалгаруулалтад оролцлоо. Тэднээс эмэгтэй 70, эрэгтэй 20 загвар өмсөгчийг “Гоёл-2025” наадмын тайзнаа алхах моделиор тодруулсан юм. Гэхдээ Монголд гэлтгүй дэлхий дахинд загварын ертөнц хэл ам ихтэй, байнга шүүмжлэлд өртөж байдаг. Өрсөлдөөн ихтэй болохоор тэр биз. Ийм шалтгаанаар “Гоёл” наадмыг ч янз бүрийн шүүмжлэл дагаж л байдаг.
-Загварын тайзнаа алхсан энэ хугацаанд шантрах үе цөөнгүй гарсан байх. Амаргүй цаг хугацааг хэрхэн даван туулж, өөрийгөө “цэнэглэдэг” байв?
-Мэргэжилдээ хайртай, бас дуртай учраас огт шантарч байгаагүй. Учир нь багаасаа л загварын ертөнцөд хайртай, загвар өмсөх дуртай хүүхэд байлаа. Одоо би яг л багадаа хүсдэг байсан зүйлсээ хийгээд л амьдарч байна шүү дээ. Хүн дуртай зүйлээсээ хэзээ ч холддоггүй, бас шантардаггүй юм билээ. Энэ нь л биднийг аз жаргалтай болгож, илүү тууштай ажиллах хүч өгдөг байх.
-Монголын загварын салбар шинэ үеийн моделиудаар цус сэлбэж байх шиг. Шинэ, залуу загвар өмсөгчдийн ур чадварын талаар та юу хэлэх вэ?
-Монголын гэлтгүй дэлхийн загварын чиг хандлага үргэлж л шинэчлэгдэж байна. Ялангуяа манай Монголын сүүлийн үеийн загвар өмсөгчдийн ур чадвар, царай зүс, биеэ авч яваа байдал дэлхийн хаана ч гологдохооргүй болж. Тиймдээ ч зарим загвар өмсөгч дэлхийд алдартай, томоохон компаниудтай гэрээ хийн ажиллаж байна шүү дээ. Өнөө цагт Монголын загварын ертөнц дэлхийд гарах боломж тэлсээр байгаа. Тэр дундаа залуу загвар өмсөгчдийг илүү том боломж хүлээж байна. Хамгийн гол нь тууштай л байх хэрэгтэй. Зөвхөн загвар өмсөгч гэлтгүй хүн юу ч хийсэн тууштай, хичээл зүтгэлтэй байх ёстой. Тэгж чадвал үр шим нь хаалга тогшоод л хүлээж байдаг. Өөртөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд тууштай хичээвэл хэзээ нэгэн цагт заавал амжилтад хүрнэ гэж боддог. Үүний нэг жишээ нь миний өнөөдрийн амжилт юм уу даа.
-Загвар өмсөгчийн амжилт зөвхөн гадна төрхөөс шалтгаалдаггүй. Хүн өөрийгөө хэрхэн илэрхийлэх, бусдад яаж нөлөөлөх, хүрэх нь ч чухал шүү дээ. Та амьдралдаа ямар зарчим, үнэт зүйлсийг баримталдаг бол?
-Амьдралын үнэт зүйл гэвэл мэдээж гэр бүл, хайртай дотнынхон, бие болон болон сэтгэлийн эрүүл мэнд гэж хэлнэ. Мөн өөрийгөө хайрлаж, эерэг байх хэрэгтэй. Жижигхэн зүйлсээс л таашаал мэдэрч, сэтгэл хангалуун амьдрах дуртай гэх юм уу. Харин зарчмын тухайд үнэнч, шударга, хариуцлагатай, бас тууштай байхыг хичээдэг. Хөдөлмөрч, тэвчээртэй байхыг эрмэлздэг. Шинэ моделиудад үргэлж тусалж, дэмжихийг хүсдэг юм.
-Өөрөөрөө хамгийн их бахархсан үе тань хэзээ вэ?
-Уйгагүй, тууштай 20 гаруй жилийн турш загварын ертөнцийн эд, эс нь болж, тайзнаа алхлаа. Топ модель гэх эрхэм хүндтэй шагналыг аваад л өөрөөрөө хамгийн их бахархсан. Цуцашгүй, тууштай хөдөлмөрлөснийхөө үр дүнд энэ шагналыг хүртлээ. Тэгэхээр миний хувьд амжилт гэдэг нь аливаа зүйлд тууштай, чин сэтгэлээсээ хандах юм.
-Моделиор ажиллахаас гадна ямар хобби, сонирхолтой бол?
-Сүүлийн үед аль болох сошиал орчинд өнгөрүүлэх цагаа багасгахаар хичээж байна. Бас үеэлүүдтэйгээ ууланд алхах дуртай. Мөн ном уншиж, дасгал хөдөлгөөн хийх нь намайг “цэнэглэдэг”. Ер нь эрүүл амьдралын үндэс идэвхтэй хөдөлгөөн гэдэгт итгэдэг. Тиймээс аль болох л идэвхтэй хөдөлгөөн хийхийг илүүд үздэг юм.
У.ЦЭЦЭГСҮРЭН