Монголын орчин үеийн дүрслэх урлагийн мөсийг зүсэж, авьяастнуудыг давхиулах дардан замыг гаргасан хүн бол ардын авьяастан, нэрт бурханч лам, зураач Б.Шарав гэдэг нь маргашгүй билээ. Тэрбээр хөрөг, ном, сонин, марк, төрийн тэмдэг, одонгийн зураач гэх мэтээр дүрслэх урлагийн бүхий л төрөлд авьяас билгээ шингээсэн, гайхамшигт өв, бүтээлүүд үлдээсэн эрхэм юм.
Түүний уран бүтээл, амьдрал, үйл хэргийн тухай эрдэмтэн, судлаачид олон талаас нь судалж, шинэ шинэлэг баримт сэлтээр баяжуулсаар байна. Цаг үеийн ээдрээ нугачааг туулсан сонирхолтой намтартай өвгөн зураачийн тухай дурсамж тэмдэглэлүүд нэн сургамжтай. Анхлан Богдын хүрээнд 20-иод насандаа даншиг наадамд барилдаж, “годон” Дамбил аварга зэрэг алдарт бөхчүүл дагаж, ам угтуулд барилдахаар ирсэн гэж өөрөө ярьсныг нэрт бичээч А.Дашням дурсамждаа тодорхой бичжээ. Уг дурсамжид “идэр залуудаа бяртай ч байсан болов уу гэмээр бахимхан чийрэг чимхээ биетэй, гар хуруу нь хачин их хатуу чанга хүн юм сан. Халх долоон хошууны даншиг наадмын талбайд барьсан төрийн тугдамд завилан залбирч суусан Богд хаан Жавзандамба хутагтыг бөхийн баруун асраас ажин харж байгаад бал харандаагаар ав адилхан зурсны нь их хүрээний Бизъяагийн аймгийн цорж Лувсандондов гэгч их лам таалан үзээд, Шарав түүнийг гэртээ дагуулан аваачиж “чи үүнээс хойш битгий барилд. Уран гар хуруу чин гажиж хэнд ч хэрэггүй болно. Тэгэхийн оронд манайд сууж бурхан буюу бусад зураг зурж бай! Би чамд тусгай гэр барьж өгье” гэжээ.
Их авьяастныг цорж Лувсандондов түшиж дэмжсэнээр урлагийн амьдрал нь эхэлж. Б.Шарав гуайн зуун дамжсан их алдарт зураач болох үйл хэрэгт бөгөөд ХХ зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүд төрөхөд Богд гэгээний хувь нэмэр асар их ажээ. Богд гэгээн онцлон анхаарч хүрээний томоохон зураач нарыг ивээл, тэтгэлэгтээ багтаан, бүтээлийг нь дэмжин туслахын сацуу өөрөө захиалан олон зураг зуруулсан нь манай дүрслэх урлагийн үнэлж баршгүй өв болж дэлхий дахинаа Монгол Улсын нэрийг алдаршуулан өргөж байгаа билээ.
Энэ тухай А.Дашням бичээч “Шарав тийнхүү тэднийд байнгалан сууж, Богд хаан, Эх дагина, тэдний цанид чойр (гүн ухааны) номын багш гэгдэж байсан Бизьяагийн аймгийн цорж, лам бас бус төвөд, монгол ихэс лам нар хийгээд зарим бурхны хөрөг зурсан гэж Их хүрээний хууччуул Шарав гуайг өгүүлдэг, түүний алиа хошин марзан занг гайхалцаж, зурахдаа сайныг нь магтан сайшаалдан ярихыг би бишгүй сонссон билээ” гэжээ.
Б.Шарав гуайн талархалт сэтгэл, үндэсний бахархалт үзэл түүний зурсан Богд гэгээний зургуудад тодрох агаад нэн хүндлэл, бишрэл шингэсэн нь илэрхий. Үзсэн бүхэн номын шидийг нь бишрэм, сүрлэг сайхан хааныг илэрхийлэн зурсан нь эдүгээ ч үндэсний баялаг болж айл өрхийн хойморт залагдаж байдаг. Богд гэгээний донир байж, хууч дурсамжаараа алдаршсан Борын Жамбал Б.Шарав гуайн тухай хуучлахдаа “марзан Шарын зурсан Бизъяагийн цорж, Балдан хачингийн зураг нь одоо улсын музейд хадгалагдаж байна. Хүний дэргэд сууж байгаад будгаар зурсан нь потиараас илүү адилхан байдаг сан. Марзан Шарын жинхэнэ нэр Шарав буюу Лувсаншарав болно. Марзан Шарын зурсан Богд, Эх дагинын зураг улсын музейд бий. Богдын зургийг марзан Шар зураад, дараа нь потиараар буулгадаг байсан юм” хэмээжээ.
Б.Шаравын уран бүтээлийг судлаачид тал бүрээс нь шинжин судалж дүгнэлт өгсөн авч түүнийг таних, сайн мэдэх хүмүүсийн дурсамж сонирхолтой бөгөөд зарим маргаанд хариулт болно байх. Ц.Дамдинсүрэн гуай “Монголын орчин үеийн соёл судлалд дүрслэх урлагийн бүтээлийн судалгаа онцгой байр суурь эзэлдэг. Тэдгээрийн дотроос юуны өмнө уламжлалт болон шинэ соёлын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэдгээрээ Марзан Шаравын бүтээлүүд онцгой байр суурь эзэлдэг. Нийгмийн хоёр тогтолцооны зааг дээр тэрбээр уран зургаараа ард түмний соёл, эрэл хайгуулын түвшнийг илэрхийлж, уран бүтээлээрээ үндэсний дүрслэх урлагийн бүхэл бүтэн эрин үеийг бүрдүүлжээ. Манай хувьсгалын анхны зураач болсон уламжлалт монгол зургийн шилдэг зураач. Шаравын бүтээлийг урлаг судлаачид үнэлдэг ёстой ч ХIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын соёл, шинжлэх ухаан, янз бүрийн салбарыг судалдаг мэргэжилтнүүд Шаравын зургуудыг анхааран, идэвхтэйгээр судалж байгаа нь сонирхолтой. Шаравын арвин уран бүтээлд ХХ зууны философич, угсаатны зүйч, түүхч, социологич, зураач, яруу найрагчид илүүтэй татагдана гэдэгт итгэлтэй байна. Зураачдын хувьд БНМАУ-ын орчин үеийн уран зургийн “монгол зураг” хэмээх бүхэл бүтэн чиглэл Шаравын бүтээлээс үүсэж, түүний хувьсгалт замнал, ардын урлаг, уламжлалтай холбоотой байдал нь орчин үеийн Монголын бүх дүрслэх урлагт өвлөгджээ” хэмээн 1974 онд ЗХУ-ын судлаач И.И.Ломакинагийн “Марзан Шарав” хэмээх номын өмнөх үгэнд бичсэн нь Монгол болон олон улсад Б.Шаравын уран бүтээлийн үнэ цэнийг өргөсөн нь лавтай.
Б.Шарав зураачийн амьдралын нэгэн сонирхолтой тал нь тэрбээр ХХ зууны эхэнд Богд хааны зураач, хувьсгалын жилүүдэд жанжин Д.Сүхбаатарын захиалгаар хувьсгалын удирдагч Лениний хөрөг, ард түмэнд хүрэх анхны уриаг цуурайтуулсан нь юм. Өөрөөр хэлбэл, Монголын төрийн зураач байсан бололтой нь гагцхүү уран авьяас, дэвшилтэт үзэлтэй нь салшгүй холбогдох байх. Хувьсгалын дараах Б.Шарав гуайн бүтээлүүд дүрслэх урлагийн бүх салбарт хамаарагдана. А.Дашням бичээч дурсахдаа “Тэрбээр 1921 оноос Монгол үсгийн хэвлэлийн хороонд зураачаар орж, хорь шахам жил ажиллах зуураа ардын хувьсгалын жилүүдэд хэвлэн гаргасан сонин, сэтгүүл, улс төр, утга зохиолын номын зураг чимэглэл, нүүр хавтас зэргийг урлан бүтээхэд ямагт гар бие оролцон, идэвх зүтгэлтэй ажиллаж авай. Дэлхийн хөдөлмөрчдийн суут багш Лениний хөрөг, “Уриа” сонины эхний нүүрэнд дун бүрээ үлээж, ард түмнээ хувьсгалын үйл хэрэгт уриалан дуудаж буй монгол эрийн зураг, Монгол-Зөвлөлтийн ард түмний ган бат эв найрамдлыг харуулсан хэд хэдэн сайхан зураг, их жанжин Д.Сүхбаатар, хичээнгүй сайд Б.Цэрэндорж, жич Ч.Бат-Очирын зохиол “Мандах нарны туяа”, Эрдэнэбатхааны эмхэтгэн зохиосон “Сургуулийн хүүхдийн сонирхон унших сургаал бичиг”, “Шидэт хүүр” гэдэг үлгэрийн номын зураг, ухуулах хуудас, сонин, сэтгүүл, өөр бус өдий төдий номын зураг чимэглэлийг туурвин бүтээжээ. Б.Шарав 1925 онд хэвлэн гаргасан манай улсын анхны мөнгөн тэмдэгт, цаасны зураг, шуудангийн маркийн тоонолжин очиртой анхны зураг, соёмбо тэмдэг, Д.Сүхбаатарын хөрөг бүхий энгэрийн тэмдгийн загвар зэрэг олон зүйлийн эх загвар гаргасан байна” хэмээн уран бүтээлийг нарийвчлан дурдсан. Энэ нь судлаачдад олон учгийг тайлах сэжүүр баримт болох нь гарцаагүй юм. Мөн тун сонирхол төрөхүйц санаа бүхий “Б.Шаравын бие Их хүрээний нэрд гарсан зураач Жүгдэр, Пунцагжунай нартай маш дотно танилцаж, томоохон хэмжээний зарим зүйлийг тэдэнтэй хамжин зурсан гэлцдэг юм” гэж дурджээ.
Эдүгээ бидэнд Б.Шарав гуайг алиа, марзан хүн байснаас “Марзан” хэмээн өргөмжлөгдсөн гэсэн ерөнхий төсөөлөл байдаг билээ. Тэгвэл түүнийг таних хүмүүс хэрхэн дурссан нь сонин байх болов уу. Академич Ц.Дамдинсүрэн “би Шаравтай 1926 оны намар “Ревсомол” сэтгүүл гаргаж эхлэхэд танилцсан юм. 1927 оноос манай намын төв байгууллага “Үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байхдаа хажууханд байсан хэвлэх үйлдвэрийн газарт байнга зочилдог боллоо. Шарав гуайн ажиллаж байсан өрөө нь ажлаа хийдэг албан тасалгаа шиг санагдсангүй. Өрөөнд цехийн машины дуу үргэлж сонстож, ширээн дээр нь их цаас, хэвлэх бэх, сонины эхний хэвлэлүүд байсан. Шарав нийтэч хүн байсан боловч хүмүүсийн өмнө зураг зурах дургүй байв. Шарав өөрийнхөө тухай бага зэрэг ярьдаг, үргэлж хошигнодог байсан. Бидний дунд насны зөрүү их байснаас би нухацтай яриа өрнүүлж байгаагүйдээ харамсдаг юм. Тэр үед Шарав гуай миний хувьд нийтэч, ухаалаг, сонирхолтой хүн байсан” гэжээ.
Жамбал донир Б.Шарав гуайн голдуу залуугийн байдлыг дурссан бололтой дурсамждаа “Урьд яаж явсныг мэдэхгүй, Бизъяагийн лам түүнд гэр барьж өгөөд бурхан зуруулж байсан. Марзан Шар заримдаа нүүр, гараа угаадаггүй байсан. “Марзан Шарын нүүр, гараа хэд хоног угаахгүй зурсан бурханд равнай өргөх хэрэггүй” (ариун) гэж Бизъяагийн лам хэлж байсан. Хааяа харж байгаад нэг хэсэг алга болдог. Тэр гоё ганган төвөд хувцастай явна. Төвөдийн довдог гэдэг хатуу цагаан тамхи татаж явна. Төвөд лам нарын гэрээр явж, төвөд даалуу (хашхираад хаядаг шоо) тоглон юм хумаа мөрийд алддаг, тэгээд хоосроод Бизъяагийн ламынд буцаж ирдэг байжээ. Төвөд ярианы хэл мэддэг байсан болно. Эргэж ирээд бурхан зурна. Зурахдаа будгаа шүлсээрээ ч зуурч байх магадгүй” гэжээ. Зарим талаар жаахан дэгсдүүлсэн тал ч байх мадагтай.
А.Дашням бичээчийн дурсамжид “Балдоогийн Шарав шулуун шударга зантай. Зусар бялдууч этгээдийг үзэн ядахын дээр ямар нэгэн зарчимч бус буюу энхэл донхолтой явдлыг засаж залахын тулд хурал тутамд санал шүүмжлэл дэлгэрэнгүй тавина. Тэгэхдээ тийм дэв дэмий юм ярьж нуршихгүй, хэн нэгэн хүнд юм уу, ажилд хэрэг болом зүйл ихэвчлэн хэлдэг сэн. Хаана ч байсан ялгалгүй үргэлж инээн баясаж, ямар нэгэн хүнтэй уулзаж учирмагц уран хошин үгээ урсган хэлж алиалан наадаж байдаг, санаа сэтгэлийн хувьд маш сайхан өвгөн сөн. Шарав өвгөн хэдийгээр маш марзан, ам хэлээ агшин зуур хамхидаггүй зантай авч гартаа барьсан ажлыг айхавтар махруу чанар чансаа сайтай, удааж түдээхгүй бүтээхийг мэрийн хичээнэ. Ажил дээрээ иш толгой нь элэгдэж, хуучирсан мончгор модон орос гаансанд улаан дүнсэн тамхи угсраа угсраагаар татаж, онигорхон бор нүдээ анивчин сууна. Бөмбөгөр ногоон алдарт Төв театрын гуанзанд өглөө, өдөр, орой заавал орж хоол идэж унд уухыг өдөр эс алгасна. Ахуй амьдралаар хэтрүү энгийн байдалтай бөгөөд болж бүтэж л байвал нэг өмссөн хувцас хунараа шинэтгэлгүй өчнөөн төчнөөн хоног, сараар өмсөж, хээ шээ алдан хэнэггүйтэж явахыг юманчинээ үл тооно. Харин долоо хоног тутмын ням гарагт тэр үеийн их чөлөөний урд талд баруун тийш харсан хаалга бүхий халуун усанд удаан цагаар орж, дотуур хувцсаа халж сольдог байжээ. Насан ахиж өтөлтлөө ганц бие, гоонь эр явсан учир тийнхүү гоёж гоодохыг мэдэхгүй байсан аж магадгүй. Түүнчлэн ном, хэвлэл унших их хорхойтой, хэвлэлийн хороонд хэвлэсэн ном бүхнийг олж унших буюу авч хадгалдаг заншилтай байв” гэжээ.
Б.Шарав гуай эгэлхэн аж төрж байсан шигээ өгөөмөр нинжин сэтгэлтэн байжээ. А.Дашням бичээч тумбааш зурж өгсөн тухай “...өөртөө гэмгүй сайн гэж санасан хүнд тус хүргэхийг бодно. Жишээлбэл, намайг хүртэл сайхан санаатай, сайн бичээч залуу гэж магтаж л явдаг сан. Тэгж санаад ч тэр юм уу, бүү мэд. Зургийн зузаан цагаан цаасан дээр өнгө будаг ялгасан нэгэн сайхан тумбаашийг надад гараа гарган зурж өгснийг би бичгийн хавтсанд олон жил хайрлан хадгалж, хааяа ил гарган харахад Шарав гуайн байр байдал нүдний хараанд яг дурайн тусах мэт болдог сон. Тэгтэл миний эхийн төрсөн дүү, ная гаруй насны нагац эгч эмгэн тэр нэгэн жил хөдөөнөөс ирж манайд хэд хонох хооронд хамаг нарийн юмыг минь сонирхон үзэж байгаад өнөөх тумбаашийг “надад өгөөч” гэж дахин дахин гуйж, би ч ганц цаасан зураг харамлаж гайхуулаад ч яах вэ дээ гэж санаа зовохын эрхэд насан буурай болсон нагац эгчдээ өгөөд явуулчихсан юм. Одоо тэднийх тэр тумбаашийг надад байснаас илүү хайрлан хадгалж байгаа гэдэгт батад итгэнэм” гэжээ. Б.Шарав гуайн энэ мэт олон бүтээл хувь хүмүүст хадгалагдаж байх магадлалтай. Эдгээр зургийг олж илрүүлэх нь Б.Шарав гуайн уран бүтээлийн судалгаанд болон дүрслэх урлагийн хөгжилд чухал асуудал болох учиртай.
Тусгаар улсаа сэргээн мандуулсан ХХ зууны Монголын түүхийн хамгийн эмгэнэлтэй нь өнөөдрийн бүрэн эрхт улс болох замд хөтөлсөн, түүний төлөө зүтгэсэн хаан, язгууртнууд, сэхээтэн, авьяастнуудаа хилсдүүлэн шийтгэж, тэднийхээ үйл хэргийг бахархан мөнхжүүлэх нь бүү хэл, нэрийг нь хэлэхээс айж, бэргэсэн, бие махбодын болон оюун санааны их дарангуйлал байлаа. Аугаа их авьяастан, хувьсгалын тэргүүн эгнээний зүтгэлтэн байж, өөрийн бүхий л ур чадвар, эрдэм мэдлэгээ зориулж нам засгаас сайшаалын үнэмлэх, үнэ бүхий зүйл, Монгол Улсын 15 жилийн ойн дурсгалын тэмдэг тэргүүтнээр шагнан урамшуулал хүртэж асан Б.Шаравыг ч төмөр гинж тойрсонгүй, хилсдүүлэн баривчилж, хавчин гадуурхжээ. Тэр цаг үед Б.Шарав гуайн нас хэдийн жар хол гарсан байсан гэж бодохоор нэн харамсалтай. Академич Ц.Дамдинсүрэн гуайн бичсэн “зураачийн амьдрал, уран бүтээлийг судалж, монголчуудын үндэсний бахархал Б.Шаравыг өргөнөөр таниулан алдаршуулсан маш хэрэгтэй ном бичжээ... Бүх Монгол түүнд баярлалаа” хэмээх үг нь хаалттай саадтай нийгмийг хатгасан, нөгөө талаар Б.Шарав гуайг зүй ёсоор үнэлсэн чухал санаа юм.
ХХ зууны түүх саяхан мэт авч алслан холдсоор эдүгээ бид өвөг дээдсээ хөдсөн дээлтэй нүүдэлчид, “бүдүүлгүүд” байсан гэх гаднын эрдэмтдийн зохиож өгсөн түүхэнд нэгэнт хууртагдахаа больсон. Тиймээс гашуун боловч үнэний эрэлд, тэднийхээ үйл хэргийг сэргээн санаж, мөнхжүүлэн, ирээдүйд бүтнээр нь хүлээлгэн өгөхөөр зорьж байгаа юм. А.Дашням бичээчийн хэлсэнчлэн “билиг авьяаст зураач маань, орчлонгийн мөнх бусыг үзүүлэн, биднээс салж одсоор он жил удсан боловч түүний зурж үлдээсэн олон сайхан уран бүтээл нь Монголын дүрслэх урлагийн өв санд мөнхжин хадгалагдсаар байнам”.
ЗХУ-ын судлаач И.Ломакина “Марзан Шарав” хэмээх судалгааны номдоо цорж Лувсандондов болон Балдан хачингийн хөргийн тухай “Шаравыг ивээн тэтгэдэг байсан Бизъяагийн аймгийн лам Лувсандондовын хөрөг нь номын судар дүрсэлсэн арын дэвсгэр дээр ширүүн дүртэй ахимаг насны хүнийг дүрсэлсэн бөгөөд хөргийн хоёр талд түүний шүтдэг хоёр бурхан зурагдсан байна. Энэ нь бурхны шашны зурагт байх шинжүүд. Шарав бүтээлдээ онцлохыг хүссэн номын хүч, гүн ухааны хандлага юм” гэжээ.
Судлаач А.Баярмаа