Бүгд Найрамдах Чех Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Virtuosi per musica di pianoforte” буюу өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын 57 дахь уралдааныг Консерваторын сурагч Б.Гүен нээлээ. Тус уралдааны гран при шагналтан дараа жилийн уралдааны нээлтэд симфони оркестрын хамт тоглодог уламжлалтай. Энэ уламжлал ёсоор 57 дахь уралдааны нээлтэд 5а ангийн сурагч Б.Гүен В.А.Моцартын төгөлдөр хуурын 12 дугаар концертын нэгдүгээр ангийг Чехийн “North Bohemian” театрын оркестрын хамт эгшиглүүлжээ.
Тэрбээр есөн настайдаа “Virtuosi per musica di pianoforte” буюу өсвөрийн төгөлдөр хуурчдын 56 дахь уралдааны нэгдүгээр ангилалд тэргүүн байр эзэлж, Усти-над-Лабем хотын захирагчийн нэрэмжит шагнал хүртэж байв. Эл уралдаанд нийт 13 орны оролцогчид дөрвөн ангилалд өрсөлдөн, Б.Гүен гран при шагнал хүртсэн билээ. Ингэснээр Монголын мэргэжлийн төгөлдөр хуурчдын түүхэнд олон улсын уралдаанаас анх удаа гран при шагнал хүртсэн баярт үйл явдал тохиож байв.
У.ЦЭЦЭГ