Монголын бодибилдинг, фитнесийн холбооны тамирчид өмнөд хөршийн томоохон хотуудад зохион байгуулсан тэмцээнүүдэд оролцож байна. Тухайлбал, Бээжин хотод үргэлжилж буй “Huanji galaxy” тэмцээнд эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Г.Дорж бодибилдингийн 80 кг-ын жинд тэргүүн байрт шалгарч, бодибилдинг үнэмлэхүй аваргын төрөлд хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс түүний гэргий Б.Оюунгэрэл бикини C ангилалд аваргалж, бикини үнэмлэхүйд мөн хүрэл медаль зүүв.
Түүнчлэн Жэнжоу хотод болсон бодибилдинг, фитнесийн “China pro-2024” тэмцээнд ОУХМ Б.Уянга аваргалж, AНУ-ын Лас-Вегас хотод зохион байгуулдаг бодибилдинг, фитнесийн спортын “олимп” хэмээгддэг “Mr.Olympia” тэмцээнд оролцох эрх гардлаа. Тэрбээр тус тэмцээнд улсаа төлөөлж гурав дахь удаагаа өрсөлдөх нь. “Mr.Olympia”-д оролцох эрх авахад нэлээд өндөр шалгууртай. УАШТ-д түрүүлснээр олон улсын тэмцээнд өрсөлдөх эрх нь нээгддэг. Харин дараагийн шатанд “Olympia amateur” буюу олон улсын сонирхогчдын тэмцээнд өрсөлддөг аж. Уг тэмцээнд түрүүлсэн тохиолдолд ангилал тус бүрийн аваргуудтай өрсөлдөж, эхний гурван байрт шалгарснаар мэргэжлийн тамирчны карт эзэмших эрхтэй болдог. Зөвхөн мэргэжлийн карттай тамирчид өндөр нам, жин харгалзахгүйгээр “Mr.Olympia”-д оролцох эрхийн төлөө өрсөлддөг юм байна. Эндээс зөвхөн түрүүлсэн ганц тамирчин “олимп”-д оролцох эрх өвөртөлдөг.
АНУ-ын Техас мужид дээрх тэмцээнүүдтэй зэрэгцэж эхэлсэн “NPC US nationals in Irving” тэмцээнд Д.Ариунцацрал сонгодог ангилалд өрсөлдөж, мэргэжлийн тамирчин болсон. Ингэснээр тэрбээр “IFBB pro” карт эзэмшдэг Монголын 15 дахь тамирчнаар тодорлоо.