Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг Стандарт, хэмжил зүйн газар болон бусад холбогдох байгууллагынхан шалгаж байна. Тодруулбал, “Амгалан”, “Баянзүрх” болон “Нарантуул” худалдааны төвийн “Баялаг-Ундраа” захын бүтээгдэхүүнийг хянаж, шалгажээ. Харин өчигдөр “Хүчит шонхор” болон “Хархорин” захад худалдаж буй мах, махан бүтээгдэхүүн болон жимс жимсгэнээс дээж авч, лабораторийн шинжилгээнд илгээлээ. Тухайлбал, “Баялаг-Ундраа” захад худалдаж байсан 26 нэр, төрлийн жимсэнд пестицидийн үлдэгдэл бий, эсэхийг шалгаж, нэг зөрчил илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, явуулын лабораторид шинжлэхэд алиманд “асуудал” гарсан гэнэ. Үүнийг төв лабораторид шинжлүүлж буй бөгөөд пестицид ямархуу хэмжээнд байгааг эцэслэх аж. Хүнсний жимс, ногооны шинжилгээний хариуг төв лаборатори 72 цагийн дотор гаргадаг гэнэ. Түүнчлэн хүнсний захуудын 200 гаруй жин хэмжүүрийг шалгасан байна. Шалгалтаар 20 орчим жин хэмжүүрийн лацыг хөндсөн, баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дуусан зэрэг зөрчил илрүүлжээ.
Ч.Туяа