НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD)-ын Шинжлэх ухаан, бодлогын хороо (SPI)-нд манай улсыг төлөөлөн судлаач У.Тунгалаг ажиллаж байна. Энэхүү хороо нь хараат бус судлаачид, бүс нутгаас томилогдсон эрдэмтэд, бодлого боловсруулагчид, ажиглагчдаас бүрддэг бөгөөд аливаа нэгэн байгууллага, Засгийн газарт хамаардаггүй, бие даасан бүтэц. Судлаачид тус хороонд багтсанаар ямар нэг цалин, урамшуулал авдаггүй, давуу боломж эдэлдэггүй. Харин цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг үр дүнтэй бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж, шинжлэх ухаанд суурилсан нотлогоо, зөвлөгөө өгдөг онцлогтой. Хорооны гишүүдийг сонгохдоо шинжлэх ухааны салбарт хэр туршлагатай, олон улсын түвшний судалгаанд оролцсон, эсэх зэрэг нарийн шалгуур тавьдаг аж.
Шинжлэх ухаан, бодлогын хороонд манай улсаас сонгогдон ажиллаж буй У.Тунгалагийн хувьд Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын албан тушаалыг хашдаг, байгаль хамгаалал, зэрлэг амьтны хууль бус худалдааны чиглэлээр олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн туршлагатай судлаач юм. Тодруулбал, тэрбээр Азийн сан, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба зэрэг байгууллагынхантай хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хууль бус ангийн эсрэг үр дүнтэй, олон ажил хийжээ.