Хүний эрхийн үзэл санааны элч шагнал бол Монгол улсад шударга бус явдлын эсрэг зоригтойгоор дугарч, хүний эрхийн үзэл санаанд тууштай үнэнч байж, хүний эрхийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх, бусдыг зоригжуулахад өөрийн авъяас чадвараа зориулсан хувь хүнд хүнд олгох Монголын Эмнести Интернэшнлийн тэргүүн дээд шагнал юм. Энэхүү шагнал нь 2003 оны Нобелийн шагналт Симус Хинигийн Эмнести Интернэшнлд зориулж бичсэн "Үзэл санааны Бүгд найрамдах Улсаас" нэрт шүлгээс эхтэй Эмнести Интернэшнлийн “Үзэл санааны элч” шагналаас санаа авсан бөгөөд түүнийг орлохгүй. Монгол улсад анх 2019 онд Монголын Эмнести Интернэшнлийн үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор тус шагналаас санаа авсан, “Хүний эрхийн үзэл санааны элч” анхны шагналыг хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайханд олгож байжээ.
Энэ жил буюу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн үзэл санааны элч шагналыг шог зургаар дамжуулж өөрийн үзэл бодол, хүний эрхийн үзэл санааг илэрхийлж ирсэн Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр болон эрх зүйн шинэчлэлийг дэмжих, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, стратегийн өмгөөлөл, эрүүгийн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль тогтоомжийн төсөлд санал өгөх ажлыг ТББ-уудыг оролцуулан зохион байгуулж байгаа хүний эрх хамгаалагч, иргэний нийгмийн дуу дуу хоолойг манлайлагч Б.Хишигсайхан нарт гардуулав.
Шог зураач С.Цогтбаяр нь "Хүний Эрхийн Үзэл Санааны Элч өргөмжлөлийг талархан хүлээн авч байна. “Өргөмжлөлөө өөрийн багш хошин зургийн цагаан толгойд нүдлүүлж өдий зэрэгт хүргэсэн Ардын зураач МУУГЗ, Монголын Эмнести Интернэшнлийн ууган гишүүдийн нэг Цэвэгийн Байды багшийнхаа гараас хүлээн авсан нь хамгийн том хүндэтгэл, нэр төрийн хэрэг. Зөвхөн Монголд гэлтгүй гариг дэлхий даяараа дайн тулаан, эдийн засгийн хямрал нүүрлэж буй энэ амаргүй цөвүүн бид цаг үед хүний эрх, амьдралын чанар улам ихээр эрдсдэл сорилттой нүүр тулж байгаа тул дор бүрнээ хичээн хэрсүү байж, эрхийнхээ төлөө үгээ хэлж, нэгдэж нийлэх, тэмцэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Би өшөө илүү хичээж, бүүр л хурцаар зурах тэмцэх хэрэгтэй юм байна. Би эцээхэн шиг хичээе. Та бүхэн минь ахиухан шиг дэмжээрэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.