Малайзын Куала-Лумпур хотод зохион байгуулсан сонсголын бэрхшээлтэй тамирчдын Азийн спортын X наадамд Монголын 17 тамирчин оролцлоо. Тэднээс жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдээс Э.Мөнгөн-Оньс 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнээр тус наадмын медалийн салхийг хагалсан. Түүний дараа 100 кг-д зодоглосон Г.Шижирбаатар мөнгө, эмэгтэйчүүдээс Г.Эрдэнэчимэг 48 кг-д хүрэл медаль зүүж, шагналын буухиаг үргэлжлүүлэв. Эрэгтэйчүүдийн багийн төрөлд манайхан эхний тойрогт Энэтхэг, дараагийн барилдаанд Ираны бөхчүүдийг тус бүр 3:0-ээр ялж, аваргын төлөө Казахстаны тамирчдыг буулган авч, багаараа мөнгөн медаль зүүлээ.
Дасгалжуулагч Э.Баттүшигийн удирдлагад хүч үзсэн чөлөөт бөхийн тамирчдаас Н.Эрхэмбаяр эхний тойрогт Ирак, дараагийнхад Ираны, Энэтхэгийн бөхийг илүүрхсэн ч, Казакстаны тамирчинд 3:14-өөр хожигдон мөнгөн медаль авав. Ш.Батбаатар Ирак, Казахстан, Ираны бөхийг ялж, түрүүлсэн юм. Тэгвэл сүүлийн тойрогт Д.Чинзориг Киргиз, Р.Эрдэнэсайхан Ираны бөхөд ялагдсанаар мөн хүрэл медальтнуудыг тоог ахиуллаа. Манай тамирчид эл наадмаас нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлж байна. Шатрын тэмцээний ганцаарчилсан төрөлд О.Эрдэнэдалай 4.5 оноогоор шагналт IV байр эзэллээ. Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн ширээний теннисний холбооны тамирчин Б.Түвшинсанаа, Б.Мөнх-Эрдэнэ нар наадамд анх удаа оролцож, хосын төрөлд өрсөлдөв. Энэ удаагийн наадамд дохионы хэлний орчуулагчаар Б.Юмжирдулам ажиллажээ.