Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөж, цогцсыг нь нохойдоо хаяж өгсөн Д.Бадралд холбогдох хэргийг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд энэ оны хоёрдугаар сард гарсан эл хэрэг тухайн үедээ олныг цочирдуулж байсан юм. НПГ-аас Д.Бадралд Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 10.1-2.8 дахь хэсгийн онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амийг бүрэлгэсэн, 20.7-2-ын “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар олж авсан, хадгалсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байв.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны наймдугаар сарын 30-нд хэлэлцээд бүх насаар нь хорих ял шийтгэсэн юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Д.Бадрал, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хорих байгууллагын дэглэмийг тусгасан өөрчлөлт оруулав. Тодруулбал, шүүгдэгчид ногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр боллоо.
Д.ДАЙЧИН