Сүүлийн таван жил улсын төсөвт мөнгө тусгуулаад ч эхлүүлж чадаагүй хавдрын шинэ эмнэлгийн барилгын ажлыг яаравчлуулах үүргийг уржигдар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албаныханд өгсөн. Түүний захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр энэ талаар мэдээлэл хийв. Тус ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Хүрэлбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан, Н.Алтаншагай нар багтжээ.
Хавдар судлалын үндэсний II төв нэртэйгээр барих тус эмнэлгийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг, Найрамдалын амны 95 308 ам метр талбайд 4-5 жилд барьж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөснөө ажлын хэсгийнхэн мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, иргэд 2030 он хүртэл хавдрын шинэ эмнэлгийн бараа харахгүй гэсэн үг. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Улсын хэмжээнд хавдрын эмч дутагдалтай. Мөн туяа эмчилгээ 5-6 сарын хүлээгдэлтэй, байгаа гуравхан аппаратаа хоногт найман цагаас илүү ажиллуулж хүчирдэггүй. Тиймээс хавдрын эмнэлгийг яаралтай өргөтгөх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог улам сайжруулах, бүрэн эмчлэх бодлого хэрэгжүүлж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Шинэ эмнэлэг барьтал хавдрын туяа эмчилгээний хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилгоор төсөвт 17 тэрбум төгрөг суулгасан. Түүгээр одоогийн ачааллыг 20 хувь бууруулах өндөр технологи нэвтрүүлэх юм. Цаашид хүн амын тоо, дундаж наслалт нэмэгдэх тусам хавдрын өвчлөл улам л ихэснэ. Гол нь хорт хавдрыг бууруулах, үүний улмаас нас барахаас сэргийлэх нь чухал” хэмээсэн.
Ташрамд дурдахад, хавдрын шинэ эмнэлгийн төсөв жил ирэх тусам өсөж буй. Одоо болтол зураг төсөл нь ч тодорхой болоогүй атал төсөв нь 2023 оны хавар 90, намар нь 178 сая ам.доллар болоод нэмэгдчихээд байгаа. Зураг төслийн тендерт ялсан “Хот төлөвлөлтийн хүрээлэн” гэх компанийнхан 990 гаруй сая төгрөг аваад ажлаа хийгээгүй. Тэгсэн хэрнээ зургийн төсвөө дахин нэмж, 3.3 тэрбум төгрөг нэхэмжлэх болсон. Эмнэлгийн барилгын зураг төслийг боловсруулах, эхний ээлжийн дэд бүтцийг шийд гэж энэ онд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн ч ийнхүү барих газрыг нь арайхийн шийдсэн болоод он шувтрах нь.
О.Ундрах