Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хурлаар өнгөрсөн долоо хоногт “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой, 80 хүн, дөрвөн компанид холбогдох хэргийг хэлэлцсэн. Шүүх бүрэлдэхүүн хоёр өдрийн турш шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гомдол, прокуроруудын эсэргүүцлийг сонсож дуусаад зөвлөлдөхөөр завсарласан билээ. Улмаар өчигдөр зөвлөлдөж дуусаад тогтоолоо танилцуулав. Ингэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт холбогдох, “Говийн зам”, “Бэрэн”, “Монроуд” ХХК-тай холбоотой үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож цагаатгасан үндэслэл нь хэргийг бодит байдалтай нийцээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Н.Батбаярын холбогдсон “Монроуд” ХХК-тай холбоотой хэргийн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хөөн хэлэлцэх хугацааг урьдчилан тоолж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзсэн юм. Эдгээр үндэслэлээр Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.
УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг НВЦ ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлж, үүнийхээ хариуд тус компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.долларын хахууль авсан нь нотлогдсон. Анхан шатны шүүхээс таван жил хорих ял шийтгэсэн нь Ё.Баатарбилэгийн гэм бурууд тохирсон байна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураагаагүй тул Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөг гаргуулах тогтоолын заалтыг 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөг болгон өөрчилсөн юм. Харин түүний үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйлдлийг мөнгө угаасан гэм буруутайд тооцон өөрчилж, оноосон ялыг нь хэвээр нь үлдээв. Ингэснээр УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгт оноосон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, ял шийтгэлээ эдлэх нь.